“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-Ы АДУУНД ХОЛБОГДСОН СОЁЛ
А.Пунсаг. Монголын нууц товчооны судалгаа (нэмж баяжуулсан хоёр дахь хэвлэл). Улаанбаатар, 2024: 56–82.
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-Ы АДУУНД ХОЛБОГДСОН СОЁЛ
А.Пунсаг. Монголын нууц товчооны судалгаа (нэмж баяжуулсан хоёр дахь хэвлэл). Улаанбаатар, 2024: 56–82.

Adil Edin. Mongolian Horses. 2023. https://unsplash.com/photos/a-group-of-horses-that-are-standing-in-the-dirt-x--bwTEzJBU
Монгол хүн морь хоёр түүхийн туршид амь насны барилдлагатай ах дүү мэт дотно байсныг Монгол ардын үлгэр тууль, зүйр сэцэн үг, ардын дуу зэрэг аман зохиолоос байнга олж харах төдийгүй мөн “Монголын нууц товчоон” зэрэг тулгар бичгээс гүнзгий ухаарч таньж болох юм. Өнөөдөр хэдийгээр нийгмийн хөгжлийг дагалдан бодит амьдрал дээр мотоцикл, автомашин нь морийг орлож мөнгөн эмээл, алтан дөрөө, суман ташуур, суран хазаар зэрэг ахуй хэрэглэлийн зүйлс музейд тавигдахад хүрсэн авч монгол хүний сэтгэлд морь мөн л жигүүрт хүлэг зүрхнийх нь хань болж, дурсамжид мөнхөрч, дуу шүлэгт нь амилсаар байна. Энэ бол нүүдэлчин үндэстний урт удаан амьдралын нөхцөлд бүрэлдсэн соёл уламжлалынх нь содон шинж буюу. Уг зохиолд би “Монголын нууц товчоон”-оор гол болгож XIII зууны үеийн монголчууд морьтойгоо хэрхэн харьцаж байсан, морь ба монгол соёл ямар шиг харьцаа холбоотой болон бүрэлдсэнийг тоймчлон шинжилж, агтын туурайгаар алтан дэлхийг доргиулж, алсын бодлогоор бөмбөрцгийн хүмүүсийг гайхуулж явсан нүүдэлчин монголын моринд холбогдсон ёс заншлын зарим асуудлыг хөндөн дурдахыг зорьсон юм.
Нэг. Адуу хийгээд монгол хүний нэр, цол
Морины тухай судалсан эрдэмтний үзэхээр (Ян Баяр, 2000) “Монгол” хэмээх тодотголтой морь үүсээд бараг 8000 жилийн түүхтэй болж байна. Морийг монголчууд анх гаршуулж эдлэхдээ тэр нь хэрэглээний зорилгод чиглүүлсэн болох нь гарцаагүй боловч түүх хөгжлийн явцдаа морийг үнэхээр хань нөхөр, хайрт амрагаасаа дутуугүй дотночилдог соёл сэтгэхүй бүрэлдэн тогтсоныг Монгол ардын туульс болон “Монголын нууц товчоон” зэрэг сурвалж бичгээс тодхон ажиглагдана. Манай үндэстний алдарт туульсын нэг нь болох “Жангар”-ын туульд “амь мэт өвөрлөсөн гэргийгээс дотно биш билүү, онцолсон ганц хөвгүүнээс минь дотно биш билүү” (Жангар. Хөх хот, 1958) хэмээн морио гэргий хүүхэд, гэр бүлээсээ илүү дотночлон үздэг явдал туульсын зохиолд зөндөө давтагдах бөгөөд хамгийн дотно анд нөхөд, хайрт гэргий, хүүхдээ морьтой зүйрлэн нэрлэх заншил “Монголын нууц товчоон”-д тодхон тэмдэглэгдэн уламжлагджээ.
Адуу хийгээд Монгол хүний нэр. “Монголын нууц товчоон”-оос ажиглахад, XIII зууны үед морины өнгө зүсээр хүнийг нэрлэдэг явдал түгээмэл оршиж байв.
Уужим буурал (a’ujam boro’ul) (§2). Өвөр Монголын эрдэмтэн Баяр “a’utsam poro’ul” гэж галиглаад “Уужим буурал” хэмээн сийрүүлжээ. Ц.Дамдинсүрэн гуай “Буурал” гэв. (Ц.Дамдинсүрэн, 1947) Бидний үзэхэд энэхүү үгийн язгуур нь “бор”, дагавар нь “гул” юм уу “хул” юм уу гэдгийг нягтлууштай. Бор ч бол, буурал ч бол энэ бол морины зүсээр нэрлэсэн хүний нэр болох нь тодорхой. Уужим буурал бол Хоричар мэргэний хөвгүүн болно. “Хорин наймт тайлбар толь”-д “бор аливаа мал адгуусны зүсэнд бие цагаавтархан, дэл сүүл бараан морийг бор морь хэмээмүй”. (Хорин наймт тайлбар толь, 1988)
Борогчин гоо (boroqcin-qo’a) (§3) Торголжин баяны эхнэр. Бор+(г)чин. Чин дагавар бол эм хүйсийг заасан дагавар болно. Борогчин (boroqcin) “эм малын бор зүс голдуу гүү байдсыг заана” (Сэцэнцогт, 1988) хэмээн тольч эрдэмтэн Сэцэнцогт бээр “Монгол үгсийн язгуурын толь”-д дараах байдлаар тэмдэглэжээ.
Боролдай (boroldai) (§3) Торголжин баяны зарц. “Бор” нь морины зүс юм. “Дай” дагавар бол хүний нэрийн эр хүйс заасан дагавар. Боролдайн нэгэн хувилбар бол Харалдай юм. “Монголын нууц товчоон”-д Харалдай нэртэй хүн хоёр буй. Нэг Харалдай нь (§45–46) Мэнэн тудуны зургаадугаар хөвгүүн, нөгөө Харалдай тохуруун (§102,124) Жалайр аймгийн ах дүү Тохурууны нэг нь болно. “Боролдай, бор өнгөний хүндэтгэл, бага хүн амьтны эрийг өхөөрдөн ингэж нэрлэдэг. Харалдай, Боролдай” (Сэцэнцогт, 1988) гэх мэтчилэн эрдэмтэд тайлбарлажээ.
Борохул (boro’ul) (§137, 138, 172, 202, 214) Жүрхэн аймгийн хүн. Өгэлүн эхийн тэжээсэн хөвгүүн бөгөөд Чингис хааны дөрвөн хүлэгийн нэг. Боролдай (boroldai) (§129) Ихирэс аймгийн хүн. Даридай отчигин (dāritai-otcigin) (§50) Есүхэй баатарын дүү. Заримдаа бас Дааридай хэмээн бичдэг (§242).
Дааридай (dāritai) (§154) Монгол аймгийн хүн. Бидний үзсэнээр, Дари буюу Дайр бол бүр “Дайр” гэсэн үгийн хувилбар. “Монголын нууц товчоон”-д Чингис хааны мянганы ноён, Хулан хатны эцгийг “Дайр усун” (§102) гэдэг. Дайр бол хэрэг дээрээ бор гэдэг үгийн бас нэг хувилбар. “Монголын нууц товчоон”-д “дайр этүгэн” буюу “бор этүгэн” хэмээн ижил утгаар хэрэглэгддэг. Дайр гэдэг нь буриад хэлэнд хөгшин, их, том, настай гэх мэтийн утгатай гэдэг. Боролдай гэдэг нэрд хүдэр чийрэг, бат бэх хэмээх бэлгэдэл санааг агуулж байдаг нь тус хоёр үгийн утга ижил гэдгийг давхар баталж байна.
Хоогчин эмгэн (qo’aqcin-emegen) (§98, 100, 101, 103, 110) Өгэлүн эхийн зарц Тэмүжиний амийг аварсан их ачтан эмгэн. Хоо нь адуу малын зүс юм. Чин эм хүйсийг заасан дагавар. Моричи (morici) (§124) Чингис хааны адуучин. Энэ хүн морь сайн таньдаг бөгөөд морь унааг гарамгай сайхан эдэлдэг тул ингэж нэрлэсэн буюу цоллуулсан байж магад. Эсхүл моринд их хорхойтой хүүхэд байсан тул ийнхүү нэрлэсэн ч байж магад. Юу ч гэсэн Чингис хааны адуучин болсноос үзэхэд адуу малын талаар өндөр мэдлэгтэй малчин байсан нь гарцаагүй.
Алаг (alaq) (§149, 202) Нүцгэн баарины Ширээт өвгөний хөвгүүн. Чингис хааны мянганы ноён. Алаг-Ид (alaq-it) (§169) Монголын Их Чэрэнгийн эхнэр. Алха бэхи (alaqa beki) (§239) Онгуд аймагт мордуулсан Чингисийн охин. Дээрх гурван нэрийн алаг нь бүгд малын зүсмийн нэр болно. Алаг морь хэмээх нь аль ч нутгийн аялгуунд ярьдаг. Бэхи нь хааны охин буюу бөө нарт олгодог умардын үндэстний цол. Ажнай (ajinai) (§202) Чингис хааны мянганы ноёны нэр. Эрдэнийн хүлгийг ажнай хэмээдэг. “Хорин наймт тайлбар толь”-д “Ажнай-долоон эрдэнийн доторх хүлэг морийг ажнай хүлэг хэмээмүй” (Хорин наймт тайлбар толь. Хөх хот, 1994) хэмээн тайлбарлажээ.
Халигудар (qali’udar) (§183, 184) Жэгүрэдэй аймгийн хүн. Халигун+дар “Халиун морь-өнгө шаравтар, дэл сүүл хар морийг халиун морь хэмээмүй” (Хорин наймт тайлбар толь. Хөх хот, 1994). Магадгүй бас халиу булганы халиу ч байж магад. Ямар боловч мал амьтны зүсмээр нэрлэсэн нь тодорхой.
Хачи хүлэг (qaci külüg) (§45) Мэнэн тудуны их хөвгүүн. Хүлэг хэмээгч уралдааны хурдан агтыг заамуй.
Үүнээс гадна Хулан (qulan) (§48, 51) Хабул хааны хөвгүүн Хулан баатар, Хулан (§197, 251) Увас мэргидийн Дайр усуны охин, Чингис хааны хоёрдугаар ордны хатан, Хартахид (qarta’ad) (§166 Жамуха сэцэний нөхөр), Чигидай (cigidei) (§170 Монголын Алчидайн адуучин) зэрэг хүний нэр нь Монгол адуу буюу хурдан удмын дээдэс хэмээн үздэг хулан чихтэй, тахиар нэрлэсэн нь ойлгомжтой байна.
Морь хийгээд хүний цол. “Монголын нууц товчоон”-д тэмдэглэснээр Чингис хаан өөрийн хамгийн дотно хүмүүс “өдөр үзэх нүд, шөнө сонсох чих” болсон Борохул, Боорчу, Мухали, Чулуун зэрэг дөрвөн баатарыг “хүлэг” хэмээн өргөмжилсөн байдаг. Эрдэмтдийн үзсэн “хүлэг” гэдэг үг бол түрэг гаралтай “уралдааны морь” буюу “хурдан морь”-ны тусгай нэрийдэл болно. Бас “баатар” гэх утгатай гэдэг. Монголчууд хурдан морийг хүлэг хэмээн нэрлэхээс гадна арга билэг аугаа хүчин бүрэлдсэн баатар эрийг хүлэг хэмээн цоллодог байжээ. Хүлэг гэдгийг хятад хадмал орчуулгад (豪杰) хэмээсэн нь үүнийг тодотгож байна. Хүлэг гэдэг хүндэт баатар хүмүүст өгдөг цол Чингисээс өмнө даруй байжээ. Тухайлбал, Мэнэн тудуны хөвгүүн Хачи хүлэг (§45) хэмээн байдгийн Хачи нь түүний нэр, хүлэг нь түүний цол байж болох юм. Хачи гэдэг нь сонин, сайхан, гайхалтай хэмээх утгатай (Сэцэнцогт, 1988) билээ. Дээрх байдлаас үзэхэд, монголчууд морины зүсээр хүнийг нэрлэж байсан төдийгүй морины цолоор эрхэм хүндэт хүмүүсийг цоллож байсан нь мэдэгдэнэ. Үүний учир шалтгааныг хураангуйлан хэлэхэд:
Нэгдүгээрт, эртний монголчууд морийг хөөрхөн сэргэлэн амьтан гэж ухамсарладгийн улмаас үр хүүхдээ энхрийлэн өхөөрдөж “алаг” буюу “бор”, “хар”, “цагаан”, “хөх” хэмээх морины зүсээр нэрлэсэн байж болно. Ялангуяа, монголчуудын бэлгэдлийн өнгө нь морь малын зүстэйгээ дотоод холбоотой гэснийг энд тэмдэглэе. “Монголын нууц товчоон”-д “алаг” буюу “бор” нь эрэгтэй, эмэгтэй хүний нэрд бүр тохиолдоно. Гэхдээ эр хүйст “дай” дагавар залгаж эм хүйст “чин” дагавар залгаж хүйсийг ялган нэрлэдэг байжээ.
Хоёрдугаарт, адууны төрлийн амьтнаар хүнийг нэрлэсэн явдал нь мөн морийг дээдлэн хүндэтгэдэг ёс заншилтай холбоотой буюу. Дээр дурдсан мэт “Монголын нууц товчоон”-д Хулан, Чихтэй Элжигдэй, Хар тахитай гэх мэт нэрстэй хүмүүс нэлээд хэд бий.
Гуравдугаарт, монголчууд морийг тэнгэрийн амьтнаар шүтэн үздэг тул үр хүүхдээ морины нэрээр нэрлэх нь тэдний өөд эсрэг, мандал бадралыг бэлгэдсэн утгатай болох юм. Монголын бөө мөргөлийн дуудлагад морийг ер нь тэнгэрийн унаа хүлэг буюу тэнгэр хүнийг холбодог зуучаар өгүүлдэг. Бөөгийн дуудлагад:
Хөх морин дээр Өөд болон соёрх Хүрхрэх дуу чинь Хөвчийн цаагуур болтугай Хэлэх их ерөөл чинь Өмнө дээр болтугай Хайрт их ерөөл чинь Миний өмнө орштугай Хамгийг заяагч Хар моринд Өөд болон соёрх Хан гүчир чамд мөргөмүү (Ц.Дамдинсүрэн, 1959)
хэмээн дууддагаас үзэхэд морь нь тэнгэр хүнийг холбож байх төдийгүй цаашилбал морины тус бие нь “хамгийг заяагч” болдог. Ялангуяа Монгол ардын туульст сахиусан морь, ид шидтэй морь эзэндээ туслах өгүүлэмж олонтаа давтагддаг. Эдгээр сэтгэлгээний онцлог нь бөөгийн шашин гүнзгий ноёрхож байсан XIII зуунд монголчуудын оюун бодолд аяндаа нөлөөлж үр хүүхдээ морьтой холбон нэрлэх явдал нэгэнт заншил болсон байж болох юм.
Дөрөвдүгээрт, монголчуудын бодит амьдрал, ялангуяа нүүдэл малжлын аж ахуй эрхэлсэн Монгол хүнд морины хэрэгцээ тэргүүн чухал байсан тул аяндаа морийг дээдлэн хүндэтгэх бодол сэтгэлийг төрүүлэх болно. Хүн алхаж сурсан явдлыг амьтны ертөнцөөс салах анхны агуу их алхам байсан гэж үзвэл, Монгол хүн явганаасаа морины нуруунд зайдалсан явдал аваас мандан дэгжрэхийнх нь тунхаг болон зарлагджээ. Монголчууд морийг хүнтэй адилаар эрхэмлэн хүндэтгэж үр хүүхдээ “ажнай” хэмээн нэрлэж үнэнч шударгаар хамтран зүтгэгсэд буюу хань нөхдөө “хүлэг” хэмээн зүйрлэн цоллодог байсан нь зүй ёсны хэрэг болно.
Түүхэнд морь, нохой хоёр Монгол хүний итгэлтэй нөхөр ханийн үүрэг гүйцэтгэж ирсэн тул заримдаа тэдний нэрийдэл ижилхэн байдаг нь соёл, сэтгэхүйн онцлогийг маш бодитойгоор тусгаж байна. Өнөөдөр ч гэсэн энэхүү уламжлал тасраагүй “Алаг”, “Боролдай”, “Харалдай”, “Хулан” гэх мэт нэр Монгол угсаатны дунд түгээмэл байсаар.
Хоёр. Адуу хийгээд монголчуудын идээ ундааны соёл
“Монголын нууц товчоон”-ы тэмдэглэлээс үзэхэд монголчууд морийг аян дайнд мордох, адуу малаа хариулах, агт хүлэг уралдах зэрэг олон хэрэгцээнд унаж эдэлж байснаас гадна сүүг нь сааж “цэгээ” (халх аман аялгуунд айраг гэдэг) исгэж умдаан буюу шимжүүлэх заслаар ашиглаж иржээ. Цэгээг “Монголын нууц товчоон”-д эсэг (esegu) гэдэг. Эртний сурвалж бичигт “эжүг” буюу “өсүг” ч хэмээн бичдэг ба хятад бичигт “马奶酒” (Ү.Мандах, 1995) хэмээн тэмдэглэжээ. “Монголын нууц товчоон”-ы §28 дугаарт Бодончар Түнхэлиг горхинд бүхий иргэнд айраг уудаг байсныг “өдөр эсэгчилж” хэмээн анхлан тэмдэглэсэн бөгөөд Наху баяны ганц хөвгүүн Боорчу “гүү сааж” (§90) байсан, Сорхан шарынхан “шөнө туж үүр цайтал сүү самарч эсэг бүлдэг” (§85) гэх мэтийн олон тэмдэглэл буй. Монголчуудын хоол хүнсний төрөл зүйлд ундаа голлож идээ дэдэлдэг нь эртний заншсан ёсон бөгөөд үүнд эсэг (цэгээ буюу айраг) бол шим тэжээлт ундааны хувиар монголчуудын ундааны охь содон зүйлс болж олон үед уламжлагджээ.
Эсэгний тухай тэр цагт Монгол орноор явсан элч жуулчин маш нарийн тэмдэглэл үлдээжээ. “Монголын нууц товчоон” ба эдгээр жуулчны тэмдэглэлийг харьцуулан үзэхэд эсэг нь тухайн үед монголчуудын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэж байв. Тухайлбал, нэгдүгээрт эсэг бол монголчуудын ундаа буюу хүнсний гол зүйл болж байв. Энэ тухай Сүн улсын элч Жо Хун тэмдэглэхдээ: “Татаар монголчуудын амьдрал гэвэл зөвхөн гүүний сүү (энэ нь эсгийг хэлж буй А.П.)-г ууж өлсөж ундаасахаа хангана. Бараг нэг гүүний сүүгээр гурван хүнийг цатгаж чадмуй. Орон гаран гүүний сүү уудаг” (Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл. 1985) гэжээ. Мөн Марко Пологийн жуулчлалын тэмдэглэлд: “Монголын цэрэг хүн бүр арван агт гүү хөтлөн ямагт гүүний сүү ууж амьдардаг юм. … бачим тулгам үед арван хоногийн турш хоол идэхгүй, гал ноцоохгүй үргэлжлэн аялах явдал ч буй” (Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл. 1985) гэжээ. Эдгээр тэмдэглэлээс үзэхэд эсэг болбоос ундаа хоолны үүргийг хамт гүйцэтгэж ирсэн шимт ундаа болох нь тодорхой.
Хоёрдугаарт, эсэг эртний монголчуудын хурим найрт гийчин зочноо дайлах гол ундаа болж байв. Цаашилбал, архинаас чухал ундааны төрөлд багталцан, архигүй байж болох боловч айраг цэгээгүй байж яасан ч болохгүй гэдгийг гадаад, дотоодын жуулчин элч нар тодорхой тэмдэглэжээ. Энэ тухай Сүн улсын элч Жо Хун, Плано Карпини, Вилъям Рубрук нар эсгээр дайлуулснаа шагшин тэмдэглэсэн бөгөөд эсэг үйлдвэрлэх ба түүний амт шимтийн тухай доорх мэт тэмдэглэн үлдээжээ. Урьдаар газар дээр хоёр шон босгоод түүнд зэл татаж унагаа уяж чагтална. Тэгээд унаганыхаа дэргэд хөхүүрээ авчирч гүүгээ саадаг юм. …сүүг шавхартал сааж гүйцсэн хойно том туламд хийж, дараа үүнд тусгайлан хийсэн хүний толгой завдам том бүлүүрээр ид мэдэн бүлж эрчлүүлнэ. Ингээд олон дахин хутгаж бүлсээр байтал эцэст архи шиг исэж хүчтэй болно. Түүнээ бас дахин эрчлүүлж байгаад тосыг нь авч хэл хүчим исгэлүүн амттай болсон хойно сая ууна. Тэр нь эгээ нэг исгэсэн үзэмний архи шиг амтлагдаж, уусны хойно гүйлсний шүүс гэмээр хэл хүчүүлдэг байна. …тэгээд олон дахин бүлж байтал аарц нь доор тунаж, дээгүүр үзэмний шүүс гэмээр юм хоцорно. Энэхүү хөвж хоцорсон нь амттай сайхан айраг болдог (П.Карпини, В.Рубрук. 1983) хэмээн биеэрээ амсаж дайлуулсан европын жуулчин тэмдэглэжээ.
Гуравдугаарт, эсгийг шимжүүлэх заслаар хэрэглэдэг байжээ. Түүх тэмдэглэлээс хянахад эртний монголчууд ерөнхийдөө эрүүл чийрэг саруул ухаантай хүмүүс байсан бөгөөд ямар нэгэн гоц халдварт өвчингүй байжээ. Энэ нь тэдний байгаль орчинтойгоо зөв харьцаж, сүү цагаан идээгээр хооллон цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг эдлэн хэрэглэдэгтэй холбоотой гэдгийг хүмүүс улмаар ухамсарлан таних болжээ. “Монголын нууц товчоон”-ы §145 дугаарт тэмдэглэснээр Чингис хаан нэгэн удаагийн байлдаанд хүзүүний сужаа хүнд шархдаж, амь тэмцэн байлаа. Зэлмийн сайхан додомдлогоор Чингис хаан баахан сэргэсний дараа “цус нэгэнт хүгсэв, би умдаасаж байна” (Мансан. 1985) гэхэд Зэлмэ “эсэг” хайхаар дайсны хүрээнд орсон боловч “дүрвэж яваа ардууд гүүгээ саасангүй тавьсан” (Мансан. 1985) шалтгаанаар “эсэг” олсонгүй тараг авчирч Чингис хаанд барьж, нүдийг нь гийгүүлэн дотрыг нь саруулшуулж, амийг нь аварсан явдлыг тодорхой тэмдэглэсэн байдаг. Зэлмэ Чингис хааны амийг аврахын төлөө анх тэргүүнд эсэг эрснээс үзэхэд “эсэг” нь зөвхөн ердийн ундаа биш түүнд цусыг төлжүүлэх, шимжүүлэх, хүнд эрч хүч нэмэх, олон зүйлийн нянг дарах хүчтэй гэдэг нь тодорхой. Орчин үеийн Монгол анагаах ухааны эрдэмтдийн нотолсноор “эсэг” нь олон зүйлийн сүрьеэ өвчин ба халдварт өвчнөөс сэргийлэх, анагаах хүчтэй ажээ. Тухайн үед Чингис хаан устай тараг уугаад дотор нь сэргэж байснаас үзэхэд монголчуудын сүүн бүтээгдэхүүн хэчнээн ид шидтэй болохын нэгэн нотолгоо билээ.
Дөрөвдүгээрт, эсгийг зарим үед дайсан этгээдээ согтоож, мэхлэх цэрэг дайны зорилгоор ашиглаж байсныг “Монголын нууц товчоон”-д нуулгүй тэмдэглэжээ. Тухайлбал, “Монголын нууц товчоон”-ы §67 дугаарт тэмдэглэснээр Есүхэй баатар хөвгүүн Тэмүжиндээ бэр гуйгаад буцах замдаа “ундаасаж” байсны шалтгаанаар Цэгцэр шар хээрт бүхий Татаар аймгийн найранд саатсанд Татаарууд урьдын уулгалсан хорслыг санаж нууцаар хорлохоор хуйвалдаж, ундаанд хор хольж өгөв” (Мансан. 1985). Утгыг нь үндэслэн “ундаа” хэмээн Мансан гуай зөв орчуулсан гэж бид үзэх бөгөөд энэ нь өөр ундаа биш монголчуудын хамгаас уух дуртай “эсэг” (цэгээ буюу айраг) болно хэмээн ухаарч байна.
Учир нь “ундаассан” (§67) хүн урьдаар хоол идэхгүй нь мэдээж. Ингээд “ундаассан”-ы эрхэнд хортой “эсэг” ууж Есүхэй баатар насан эцэс болсон билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Чингис хаан насан туршдаа архи ба согтууруулах ундааны төрлийг цээрлэсэн хэмээн эрдэмтэд хэлдэг нь оргүй биш. Чингис хаан насан туршдаа архийг хэм хэмжээтэй эдлэх тухай билэг сургаалаа хайрлаж биеэрээ үлгэр жишээ үзүүлсэн боловч Өгэдэй мэт бэлэнд суусан хүн эцгийн сургаалыг умартан “бор дарсанд” шунаж бүтэлгүй үйл хийснээ бусдаас нуусангүй түүхэнд тэмдэглэж билээ. Энэ нь Өгэдэйн санаа биш байлаа ч гэсэн монголчууд түүхээ зөв үнэнээр дүгнэдэг гэсэн нь эрхэм нандин түүх соёлын өв болж байна.
“Монголын нууц товчоон” зэрэг XIII зууны үеийн түүх соёлын сурвалжаас хянахад монголчууд адууны махыг хоол хүнсэндээ түгээмэл ашигладаггүй, харин тэнгэр тахих, анд барилдан андгай тангараг өргөж (амины арч) болох үед азарга гүү алж, тэнгэрт ам алдан, тэрхүү махаа хуваалцан идэж, амь насны холбоо тогтоон, амиа нэгтгэдэг байна. Энэхүү зан үйлийг залуу эрдэмтэн Сайнцогт “амилга” (амилах)-ын нэг хэлбэр “идэх амилах” хэмээн үзсэнд бид маш ихээр олзуурхан дэмжиж байгаагаа энд тэмдэглэе.
Монголчууд морийг тэнгэр буюу амь настайгаа холбон ойлгодог тул энгийн байдалд морийг алахыг эртнээс эдүгээ хүртэл цээртэй байжээ. Морины махыг онцгой тохиолдолд идэх боловч морины мах гэхгүй харин “адууны мах” хэмээн цээрлэн хэлэх явдал эдүгээ хүртэл уламжлагдан буй. Энэ тухай тэр үед Монголд айлчилсан Сүн улсын элч Пэн Да-Яа “Хар Татаарын хэргийн товч”-д тэмдэглэсэн нь: “Мах иддэгээс биш будаа идэхгүй. Ер нь хонь ба үхрийн махыг идэж их хурим бус бол морь алахгүй” хэмээн тодорхой тэмдэглэжээ. Энд хэлж буй “их хурим” гэдгийг бид их хуралдай хурах, хаан өргөмжлөх, ямар нэгэн ялалтын баяр, тэнгэр тахих, андгай тангараг өргөж анд барилдах, хаад ноёдын оршуулга, ураг хурим барилдах зэрэг төр ёслолын өргөн дэлгэр агуулгаар ойлгож болно.
“Монголын нууц товчоон”-ы §141 дүгээрт тэмдэглэснээр 1201 онд “Хатиган, Салжиуд хамтарч, Баху чороги тэргүүтэй Хатиган нар, Чирхидэй баатар тэргүүтэй Хатиган Салжууд нар, дөрвөн овогтон Татааруудтай найрамдсан Хачигун бэхи тэргүүтэй дөрвөн нар, Алчи, Жалин Буха тэргүүтэй Татаар нар, Түгэ маха тэргүүтэй ихирэсүүд, Хонгирад, Тэрхэг, Эмэл, Алхуй нар, Чонаг Цагаан тэргүүтэй горлосууд, Найманаас Хүчүгүд, Найманы Буйруг хан, Мэргидийн Худуга бэхийн хөвгүүн Хуту, Ойрадын Хутуга бэхи, Тайчуудын Таргудай хирилтуг, Хотун Орчан, Агучу, баатар нар, бусад Тайчууд зэрэг эдгээр аймаг Алахуй булаг гэх газар цуглаж Жадран овгийн Жамухыг хан өргөмжилье хэмээн хэлэлцэн тогтоод, азарга гүү алж, аман тангараг хийлцээд” Чингис хаан болон Ван ханыг дайлахаар морджээ. Энэ бол бараг бүх Монгол хэлтэй эсгий туургатан цуглаж “Гүр их” хааныг өргөмжилсөн “их хурим” буюу төрийн их ёслол байсан юм. Иймээс сая “азарга, гүү алж”, “андгай тангараг” өргөлцөж байна. Үүний утга санаа нь морь бол хүний тэнгэрийн зууч, морь алж тэнгэрт амлалддаг буюу тэнгэрийг тахидаг нь мөнх тэнгэрт чин шударгаа гүйцэтгэж, тэнгэрийн ивээлийг хүртэх гэсэн тэр үеийн хүмүүсийн итгэл бишрэлийг харуулж байна. Хоёрдугаарт, “азарга, гүү алж ам тангараг хийж” байгаа нь амь насаа нэгтгэж, зол жаргал, зовлон зүдгүүрээ хуваалцах гэсэн анд барилдаж (амины арч) болсон баталгаа болж байна. Энэхүү азарга, гүүний махыг хуваалцан идэж амиа нэгтгэх мөртөө тангаргаа тэнгэрт өргөдөг байна. Учир нь “тэнгэр түмэн нүд”-тэй тэдний үнэнч хуурмагийг нь хянан тунгааж, ивээхээ ивээж, залхаахаа залхаах болно. Тэр цагт тэнгэр бүхнийг захирдаг хэмээн хаан харцгүй нийтээр ухамсарладаг байжээ.
Гурав. Адуу хийгээд монголчуудын бэлэг дурсгалын ёсон
Адуу хийгээд ураг хуримын бэлэг. “Монголын нууц товчоон” нь монголчуудын ураг хуримын ёс заншлыг судлахад баялаг материалыг ханган өгчээ. “Монголын нууц товчоон”-ы тэмдэглэлээс ажиглахад VIII зууны үеэс эхлэн монголын нийгэмд нэг эр нэг эхнэртэй байх ургийн ёсон бүрэлдэн тогтож хөвгүүн өсвөл гэрлэж, охин өсвөл харилдаг (харьд очдог) уламжлалтай байжээ. Тухайн үеийн монголчуудын ураг хуримын ёсыг бүдүүвчлэн ажиглавал, харьд өгөөгүй охин хүнийг гуйж авах, хуримын баталгаа болгож “багалзуурын хурим” идэх, ураг тогтсоны баталгаа болгож мориор бэлэг барих, ургийн гадна ураглахыг баримтлах, өмсгөл, шитхүл, инж өгөх зэрэг үндсэн тогтолцоо бүрэлдсэн байна. Яриангүй үүний зэрэгцээ бас булаамал ураг, залгамал ураг, соёрхол ураг, солио ураг, улс төрийн ураг холбоо, хаад ноёд татвар авах ба олон эхнэр авах зэрэг дагалдвар ургийн хэлбэр оршиж байв. Энд бид эдгээр хуримын ёсыг нарийвчлан судлах зорилго тавиагүй харин ургийн ёсонд морь ямаршуу үүрэг гүйцэтгэж байсан талаар товчхон өгүүлэх болно.
Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай үед Өгэлүн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйхаар явж байгаад Хонгирад аймгийн Дэй сэцэнтэй учирч түүний урилгаар тэднийд саатав. Хоёр худын нүдэнд хөвгүүн Тэмүжин, охин Бөртэ хоёул бүр “нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй” (§62, 66) харагдаж ургийн явдал санаа тохиров. Ингээд Есүхэй баатар Дэй сэцэнийд нэг хонож, маргааш эрт охиныг нь гуйваас (Монголчууд өглөө эрт цагийг өөдлөн мандах нартай холбож аливаа хэрэг явдал бүтээхээр бэлтгэдэг А.П.) Дэй сэцэн “Олонтоо гуйлгаж өгвөөс эрхэмлэгдэх, цөөн гуйлгаж өгвөөс доромжлогдох (охинтой хүн олон гуйлгаж өгөх заншил монголчуудын олон угсаатны дунд XX зууны жараад он болтол уламжлагдаж байв) гэдэг боловч охин хүний заяа нь төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгсүгэй, чи хөвгүүнээ хүргэн болгож манайд үлдээ” гэсэнд Есүхэй баатар зөвшөөрч “хөтөлгөө морио бэлэг өгч” (§66) ургийн баталгаа болгосон байна. Адуу бол монгол хүний бэлгийн дээд эрхэм бэлэг болох юм. “Хадаг тавивал хадаас” гэдэгчлэн морь нь тухайн үед, өнөөгийн монгол угсаатны ургийн ёсонд уламжлагдан буй “амны архи” буюу (ураг тогтохыг зөвшөөрсөн үед уудаг аман тангаргийн баталгааны архи) буюу “хадаг тавих”-тай адил хатуу бат ургийн баталгаа болдог байжээ. Есүхэй баатар буцах замдаа Татаар иргэнд хорлогдон удалгүй нас нөгчсөн ба Тэмүжинийхэн арваад жил зовлон зүдүүртэй амьдралыг туулжээ. Гэтэл энэхүү хугацаанд Бөртэг өөр хүнд мордуулсангүй мөртөө Тэмүжин жаахан тэнхэрсний дараа Бөртэ үжинийг буулган авчээ. Хэдийгээр энэхүү хугацаанд Дэй сэцэн “цөхрөхөд хүрсэн” (§94) боловч нэгэнт хүнд чухал хуримын баталгаа хөтөлгөө морины бэлгийг гардсан тул хүлцэнгүй хүлээж байгаад Тэмүжинд охиноо өгчээ. Морины бэлгээр сүй тавьсан тохиолдолд хөнгөн хуумгайгаар ураг буцаж болохгүй гэснийг энэхүү жишээ харуулж байна. Чингис хаан Мэргидийн довтолгоонд Бөртэ үжинээр өгөөш тавьж өөрөө ганц амиа бодон дутааж байсан түүхтэй боловч андын холбоогоор цэрэг дайчлан Мэргид аймгийг ялж авааль гэргийгээ авран авч “Бүтэхийн урьд учирсан Бөртэ үжин их хатан минь, эрдэнэ эцгийн минь өгсөн эх мэт гэргий бөлгөө” хэмээн насан туршаа хүндэтгэн хайрлаж явсныг “Монголын нууц товчоон” зэрэг түүхэн сурвалжид тодорхой тэмдэглэв. Монгол ардын зүйр сэцэн үгэнд “худ ургийг холбодог охин эрдэнэ, хол газрыг ойртуулдаг морин эрдэнэ” гэж хэлдэг нь маш гүн утга санаатай зүйрлэл билээ.
Адуу бол ойр дотнын хүмүүст бэлэглэдэг эв санааны нэгдлийг илэрхийлсэн итгэл найдварын гэрч гэдгийг түүх сурвалж ба бодит амьдралаас гүнзгий ухаарч болно. Адууг монголчууд халуун хошуут мал хэмээн үзэж, ураг хурим, жил оруулах, найр наадамд өнөөдөр ч гэсэн дээд бэлгээр эрхэмлэгдэн уламжлагдаж байна.
Морь хийгээд өргөл бэлэг. Адуу бол эзэндээ үнэнч шударга амьтан. Адуу нь өргөл барьцын бэлэг болох үед, ер нь үнэнч шударга, эв найртай, эелдэг дотно гэх мэтийн бэлгэдлийн давхар утгыг агуулдаг. “Монголын нууц товчоон”-д тэмдэглэснээр туулай жил буюу 1207 онд Чингис хааны их хөвгүүн Жочи Ойн иргэдийг элсэн хураахаар морджээ. “Жочи нь Ойрад, Буриад, Баргуд, Урсуд, Хабханас, Ханхас, Тубас аймгийг оруулаад түмэн Хиргисийн нутагт хүрсэнд хиргисийн Йэди, Инал, Алдихэр, Өрэбэк дигин зэрэг ноёд бууж өгч, цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирж Жочид бараадав” гэжээ. Энэхүү цагаан морь, цагаан шонхор зэрэг бэлэг нь монголчуудын бэлгэдэл таашаалын сонирхолд нийцүүлэн эв найрсгаар хүрээлэн дагасны бэлэг тэмдэг байсан нь гарцаагүй. Жочи эдгээр иргэнийг эеэр дагуулж, цагаан шонхор, цагаан морь тэргүүтэй бэлгийг Чингис хаан эцэгдээ барин золгосонд Чингис хаан туйлаар баясаж “Хөвгүүдийн минь ах чи хэдийгээр анх гэрээс гарч байвч аян замдаа агт морь баатар цэргээ турааж сүйд хийсэнгүй амар мэнд явж, ойн иргэнийг тогтоон ирэв. Тэр иргэнийг чамд өгье” гэж соёрхсон байна. Энэхүү тэмдэглэлээс үзэхэд, Чингис хаан ер нь эвээр элсэн дагуулахыг зорьдог байсан төдийгүй цагаан өнгө, морь зэрэг нь бүр монголчуудын ариун цагаан сэтгэл, чин үнэнч журам найрыг бэлгэдэн байгаа нь тодорхой.
“Монголын нууц товчоон”-ы §261 дугаарт бас Тангудын Илаху бурхан Чингис хаанд “алтан сүм (бурхан)-ээс аваад алт мөнгөн аяга сав есөн ес, хөвгүүд охид есөн ес, адуу тэмээ есөн ес, элдэв зүйлийн эдлэлийг есөн есөөр зүйчлэн бэлэглэсэн”-ийг тэмдэглэжээ. Есөн есийн наян нэгэн бэлэг бол Монголын төрт ёсны хамгийн дээд бэлэг болох юм. Энд Тангудын тэргүүн Илаху бурхан ял нүглээ тайлан Чингис хааны итгэлийг олох хэмээн Монголын уламжлалт ёс заншлыг дагуулан ес есийн наян нэгэн бэлгийг барьсан нь тодорхой. Гэвч Чингис хаан түүний урваа хөрвөөтэй зан чанарыг нэгэнт жигшсэн тул үүдний араас бараалхуулж, шударга нэр өгч, алах тушаалыг Толун чэрбид өгчээ (§267). Учир нь Тангуд иргэн урван тэрсэлж найр журмыг эвдсэн болохоор хатуу цээрлэл үзүүлжээ.
Агт тэргүүтэй “есөн ес наян нэгэн бэлэг” ба есөн цагааны бэлэг нь XIII зуунаас Манж Чин улсын үе цаашилбал, эдүгээ хүртэл уламжлагдан буй. Халх монголчууд нь манжийн хаанд үнэнчээ илтгэхийн төлөө жил бүр морь буюу тэмээ тэргүүтэй “есөн цагаан”-ы бэлэг барьдаг байв. Эдгээр бүхнээс үзэхэд бэлэгт ирсэн морины бэлгэдэл утга нь үнэнч шударга, эв найртай, элэгсэг дотно байхын баталгаа болдог байна.
Дөрөв. Адуу хийгээд монголчуудын андгай тангараг ба анд барилдах ёсон
Андгай тангараг өргөж анд барилдах ёс бол XIII зууны үед нэлээд түгээмэл дэлгэрч байсан ёс заншил болно. Энэ тухай Монгол судлаач Оросын их эрдэмтэн Б.Я.Владимирцов “Эрт үеийн монголчуудын дотор харагдах журмын ах дүү барилдах ёс бол овгуудын хоорондох харьцааны хэвчээнд (хэмжээнд) багтана. Хоёр хүн тангараг тавьж найралдан бэлэг солилцвол анд (журмын ах дүү) бололцдог. Тэд хэдийгээр цусан төрлийн холбоо байхгүй боловч ердөө адилгүй овгийн хүмүүс байдаг. Энэ бол эртний монголчуудын заншил мөн” гэж тэмдэглэсэн нь XIII зууны үеийн байдлыг хэлсэн юм.
Агт морио арилжиж анд бололцох ёсон. XIII зууны үед монголчууд өвөг дээдсийн сургаалыг мөрдөн, эртний уламжлалыг дагаж “Анд хүний амь нэг, үл тэвчилдэн, амины арч болъюу” хэмээн андын тангараг өргөж амраглалдах ёс түгээмэл байлаа. Гэхдээ “амиа нэгтгэх”-ийн төлөө эрхбиш ямар нэгэн бэлэг сэлт солилцон тангараг хийдэг ёстой байсан байна. Тэмүжин, Жамуха нарын андын барилдлага бол энэхүү талын нийтлэг жишээ болно. “Монголын нууц товчоон”-ы тэмдэглэлийг сийрүүлбэл, “Тэд анх урьд анд бололцруун, Тэмүжин арван нэгэн наст бүхийд Жамуха гуралтуг шагай Тэмүжинээ өгч, Тэмүжиний цутгамал шагай арилжиж анд бололцож анд хэмээлдсэн, Ононы мөсөнд шагалцахад тэнд анд хэмээлдлээ. Түүний хойно хавар алангир нумтан харвалдан бүхийд Жамуха бярууны хоёр эвэр нааж нүхэлж дуут ёроо Тэмүжинээ өгч, Тэмүжиний манлайт годил арилжиж андлалцав. Эдүгээ бас анд тунхалдаж амаръя хэмээлдэж Тэмүжин Мэргидийн Тогтога бэхийн арвилж авсан алтан бүсээ Жамуха анддаа бүслүүлэв. Тогтогагийн эсгэл халиун Жамуха анддаа унуулав. Жамуха Увас мэргидийн Дайр усуныг арвилж авсан алтан бүс Тэмүжин анддаа бүслүүлэв. Дайр усуны-хүү эвэрт үнэгэн цагааныг Тэмүжинээ унуулав. Хорхунаг жубурын Хулдгар хуны өвөр Саглагар модноо анд хэмээлдэж амралдаж хуримлан туйлан жаргалдаж, шөнө хөнжилдөө ганц хонолдон бөлгөө” гэж тэмдэглэсэн байдаг. Тэмүжин, Жамуха нар харилцан бүс солилцож морио солин унасан явдал бол андын тангаргийг бататгаж, амь насаа холбосны гэрч тэмдэг юм. Монголчууд бүсийг эр хүний амин сүнс хэмээж маш их чухалчилдаг. “Бүтэх төрийн бүс” гэсэн хэллэг байдаг. Энгийн байдалд хүмүүс бүсээ солихыг цээрлэдэг. Харин онцгой тохиолдол, тухайлбал анд барилдаж амь насаа нэгтгэсэн нөхцөлд сая “анд хүний амь нэг” хэмээн бүсээ сольж бүсэлдэг заншилтай. Морь бол эзэндээ ээлтэй үнэнч номхон амьтан. Морь арилжиж андын баталгаа болгож байгаа нь харилцан нэг нэгэндээ үнэнч шударга байж, хэзээд эв тангараг эвдрэхгүй “амины арч” болж холбоолон тэмцэхийг бэлгэдэн үзүүлж байна. Шагай бол таван хошуу малын бэлгэдлийн хувиар монголчуудад эрхэмлэгдэж иржээ. Шагай арилждаг нь мөн амиа нэгтгэсний бодисын гэрч болж буй. Тэмүжин, Жамуха хоёр, ороо бусгаа улс төрийн тэмцээнд, олж алдах ухаан бодлын өрсөлдөөнд, анд байлцсанаасаа атаатан дайсан болоход хүрч байсан боловч андын журмыг байнга дээдэлдэг Жамуха үхэн үхтлээ Тэмүжинийг дэмжин тусалж явжээ. Тэмүжин Чингис хаан үүнийг тодорхой мэддэг учир:
Өмнөхөн салж явавч Өлзийт анд нөхөр болой, Өшилдөн байлдах өдөр Өр зүрх чинь өвддөг болой Ангид өөр явавч Ашид сайн нөхөр билээ, Алалдан тэмцэлдэх өдөр Элэг зүрх чинь өвддөг билээ. Хэзээ ингэсэн бэ гэвэл, Хар Халжидын элсэнд Хэрэйдтэй байлдахад
Ван хан эцэгт хэлсэн үгээ илгээж анхааруулсан ачтай билээ. Бас Найман улсыг үгээр үхүүлж амаар алсан бөгөөд мөн тэдгээр айлгасан этгээдтэйгээ үзэлцүүлэх гэж мэдээ хүргэж өгсөн ачтай билээ. “Анд нөхөр минь ангид салан явавч биднийг ер хорлох санаатай үгийг ам дүүрэн хэлсэн нь сонсогдсонгүй билээ. Суралцаж болмоор хүн. . ..хүнд ёсыг олсон хүн” зэргээр хүндэтгэн үнэлж байсныг “Монголын нууц товчоон”-д тодорхой тэмдэглэн үлдээжээ.
Азарга, гүү алж андгайлан тангараглах ёсон. “Монголын нууц товчоон”-ы тэмдэглэлээс ажиглахад, XIII зууны үеийн монголчууд агт морио арилжин анд барилдан амраглалдаж байснаас гадна азарга, гүү алж ам алдан тангараглаж байв. Гэхдээ дээр бүлэгт хэлсэн мэт энгийн байдалд монголчууд морь алахыг цээрлэдэг заншилтай. Харин төр ёсны том үйл ажиллагааг гүйцэтгэх үед морь алж тэнгэрт тангарагладаг байсан нь “Монголын нууц товчоон”-ыг багтаасан XIII зууны үеийн сурвалжаар батлагдан байна.
Нэгдүгээрт, хаан өргөмжлөх төрийн их ёслолд заавал азарга, гүү алж, андгайлан тангараглаж эзэндээ үнэнчээр зүтгэхээ амладаг байжээ. Энэ нь хүн тангаргаасаа няцвал мөн азарга, гүү адил толгойгоо цавчуулах ёстой гэдгийг баталж байна. Энэ тухай “Богд баатарын биеэр дайлсан тэмдэглэл” хэмээх сурвалжид “Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татаар, Хонгирад зэрэг олон аймаг Өлгий булаг дээр цугларч саарал морь алж тэнгэр тахин тангараг хийж холбоо байгуулсан” бөгөөд “анд байгуулж амлалдсан нь: Бидний байгуулсан андыг илрүүлэх ийм хуйвалдагчид аваас эрэг мэт юүрч ой мэт хядагдмуй хэмээгээд бүгдээр хамт эргийг дэвсэн юүрүүлж сэлэм эргүүлэн ойг цавчин” тангараг өргөлцжээ. Тангаргаасаа няцагсдыг шууд алдаг байлаа. Тухайлбал, Чингис хаан тангаргаасаа няцсан Алтан, Хучар нарыг эрлэгт залсан бөгөөд Жамуха сэцэн, Нэгүдэй Цагаан уваг өргөсөн тангаргаасаа няцлаа хэмээн “тэргүүг нь огтолж морины сүүлд чирч” (§129) олны цээрлэл болгосныг “Монголын нууц товчоон”-д онцлон тэмдэглэжээ.
Гүр хаан гэдгийг эрдэмтэд бүгдийн хаан буюу их хаан хэмээн тайлбарлаж байна. Жамуха сэцэн бээр үнэхээр нэгэн үе Хамаг Монгол болон монголын өндөрлөг дэх монгол хэлтнүүдийг захирч явсан томоохон хааны нэг нь байсан юм. Дээрх тэмдэглэлүүдтэй холбогдуулан эртний монголчууд хан буюу хаан өргөмжлөхөд азарга гүү буюу саарал морь алж андгайлан тангарагладаг заншилтай байв гэх дүгнэлтэд хүрч болно.
Хоёрдугаарт, азарга гүү алж андгайлж тангараглах ёс нь тэнгэрийн тахилгатай хамт явагдаж байсан байна. Сурвалжид “Саарал морь алж тэнгэр тахин тангараг хийж” гэж тэмдэглэснээс хянахад тангараг үгээ тэнгэрт хандан баталж, тэнгэрийн ивээл соёрхлыг хүртэх хэмээн даатган залбирдаг байсан болов уу. Морь нь хүн тэнгэрийн хоорондох зууч буюу баталгаа гэрч болж цуст тахилга болж байна. XIII зууны үеийн монголчууд “хөх мөнх тэнгэр” гэгч оюун санааны дээд шүтээнийг шүтдэг байсан тул ямар нэгэн санасан хүссэн зүйл нь саадгүй биелэгдвэл “тэнгэрийн хүч”, “тэнгэр ивээлээ”, “тэнгэрийн санаа”, “тэнгэрийн хишиг” гэх мэтээр номлож, бодсон зорьсон нь эс бүтэх үед “тэнгэрт эс таалагдав”, “тэнгэр буруу үзэв” гэх мэтээр сурталчилдаг байжээ. Энэ дашрамд хэлэхэд Чингис хааны ялалт олсон нууцын нэг нь тэнгэрийг амьтай болгосон явдал юм.
Гуравдугаарт, нэгэнт тэнгэрт тангараг өргөж анд бололцон амиа нэгтгэсэн тул анд нөхөд буюу хаан эзэн, төр улсын төлөө үнэнчээр зүтгэх хэрэгтэй. Чухалтай үед амь насаа зориулах ёстой. Монголын уламжлалт соёл ингэж хүмүүжүүлж байсан бөгөөд тэр нь үр дүнд хүрч байв. Тэнгэр түмэн нүдтэй гэдгийг тэр үеийн хүмүүс бат итгэдэг байжээ. “Монголын нууц товчоон”-д “төрийн төлөө биеэ золиослон хоёр хүнийг тодорхой тэмдэглэжээ. Энэ хоёр хүний нэг нь Жамуха сэцэн, нөгөө нь Толуй болно”. Энэ хоёр хүн бол жинхэнэ андгай тангаргаа сахисан үлгэр жишээ болно. Эд хоёр зөвхөн амиа нэгтгэсэн ах дүү андын төлөө амиа золиосолж зориг зүрхтэй байсан төдий биш, харин Монгол улс үндэстний алтан төрийн төлөө амиа өргөх эрч хүчтэй. Морь нохой шиг үнэнч нөхөр олохуйяа бэрх гэдэгчлэн морь алж тангарагладаг нь түүний үнэнч шударга чанарыг шүтэн биширсэнтэй ч холбоотой юм.
Тав. Адуу хийгээд эртний монголчуудын туг сүлд
“Монголын нууц товчоон” зэрэг сурвалжийн мэдээ сэлтийг үндэслэвэл, эртний Монгол овог аймгууд бүр тус тусдаа туг сүлдтэй байжээ. Туг сүлд нь тухайн үед нэг овог аймгийн тодорхой бэлэг тэмдэг болж байсан бөгөөд мөн сүр хүчний бэлэг тэмдэг болж байв. Есүхэй баатарыг нас нөгчсөний дараа, Тайчууд түрүүтэй Монгол аймгийнхан Өгэлүн эхийг өнчин хэдэн хүүхэдтэй нь орхиод нүүхэд Өгэлүн эх туг барьж нэг бүлэг нүүдлийн иргэнийг буцаан авчирсныг “Монголын нууц товчоон”-д тэмдэглэснээс үзэхэд энэхүү туг бол Есүхэй баатар амьд сэрүүн байхдаа мандуулж явсан туг сүлд болно. Энэхүү туг хожим нь Тайчуудын гарт орсон бололтой. Есүхэй баатарын туг сүлд нь ямар байсан тухай бид хэлж мэдэхгүй ч “Монголын нууц товчоон” зэрэг сурвалжаас хянахад өнгөний хувьд цагаан туг, хар туг, алаг туг зэрэг гурван зүйлийн туг байсан бөгөөд энэ нь хөгжлийн явцдаа Монголын төр ёсны бэлгэдэл болж, цагаан сүлд, хар сүлд, алаг сүлд хэмээн нэрлэгдэн өнөөд хүртэл уламжлагджээ.
Урьдаар бид хар туг буюу хар сүлдний тухай авч үзье. Түүхэн бичиг сурвалжид “хараа ихт хар сүлд”, “харьяа ихт хар сүлд”, “дөрвөн хөлт хар сүлд”, “догшин хар сүлд” гэх мэт хэдэн янзаар тэмдэглэсэн бөгөөд энэ нь хар сүлдний хувирал хөгжил ба дотоод агуулгыг тодорхойлж байгаа юм. Тухайлбал, хар сүлдийг уул нь хар унаганы арьс буюу хар азарганы арьсаар хийдэг байжээ. Унага нь онгон дархан хэмээхийг бэлгэдэж азарга нь сүр хүчнийг бэлгэдэн хар нь сүрлэг бараалаг дайчин догшин зэргийг бэлгэджээ. Жишээ нь, Монгол улсын Дорнод аймгийн Булган сумын Чингисийн тугийн сүмд хар унаганы арьсыг дөрвөн туурайтай нь авч нуруун хэсгээр нь нугалан ишинд бэхлээд дөрвөн туурайг доош унжуулж, дөрвөн хөлт хар сүлд хэмээн хадгалан тахиж байжээ. Ингээд дөрвөн хөлт хар сүлд хэмээн нэрлэсэн гэх. Хожим нь хээр азарганы онгон дэл гөхөл буюу сүүлээр хүрээ царыг нь чимэн хийдэг болсноос “Хараа ихт хар сүлд” хэмээн нэрлэсэн юм. Хараа гэдэг нь харахад сүрлэг их гэсэн үг, хар өнгө бол хамгийн тод сүрлэг өнгө юм. Аварга сүрлэг уул нурууг Хархорум, Хар овоот, Харагун жидун, Далан хар гэх мэт нэрийдэл XIII зуунаас эдүгээ хүртэл тасраагүй. “Догшин хар сүлд” бол дайн байлдааны дайчин баатар сүлд юм. Хар туг буюу хар сүлдний тухай “Монголын нууц товчоон”-ы §106 дугаарт хамгийн анх дурджээ. Тухайлбал, Жамуха сэцэн бээр анд Тэмүжинийг тусалж Гурван мэргидийг довтлох үеийн тугаа тахисан байдлаа тэмдэглэхдээ “Хараат тугаа сацав би… Урт хараат тугаа сацав би” (§106) хэмээдэг. Энэ бол дайн байлдааны догшин хар сүлд мөн болох нь гарцаагүй хэмээн мэргэд номложээ. “Цагаан түүх”-энд “Харьяа их хар туг бусдыг айлгахын бэлгэ” хэмээн тодорхой тэмдэглэжээ. Хар өнгө бол монголчуудын бэлгэдлийн ёсонд дайчин сүртэй, бат бэх, хүнд хатуу өнгө юм. Тэр нь монголчуудын “Хатгалдаж нэгэнт эвлэвээс харах нүдээ цавчдаггүй, хацраа жадлагдавч халтирч буцдаггүй, хар цус нь урсавч хатан зориг нь мохохгүй хатуужил ихтэй” (§194) хүмүүсийн омог хүчнийг бэлгэдэж байдаг.
Алаг сүлд бол монголчуудын гурван их сүлдний нэг. Сүлдний гөхөл буюу манжлагыг азарганы хар, цагаан дэл сүүлээр чимэн хийдэг учир алаг сүлд хэмээн нэрлэжээ. Алаг сүлд нь чухамхүү “алаг хорвоо”-гийн хар цагаан, хатуу зөөлөн бүтэц бүхний бэлгэдэл болсон мэт. “Монголын нууц товчоон”-ы мэдээллээр Чингисийн баатрууд дайн байлдааны үед хар сүлд мандуулахаас гадна бас алаг туг (§170) мандуулж байсан бөгөөд Лигдэн хааны үед алаг тугтныг Ордос нутагт үлдээн алаг тугийг тахиулж байснаар үзэхэд алаг сүлд нь Монгол хаант төрийн сүлд болох ажээ.
Цагаан сүлд бол Монгол улсын энх тайван, эсэн мэнд эв найрсгаар мандан хөгжихийг бэлгэдсэн төрийн сүлд юм. Тухайлбал, 1206 онд суут богд Чингис хаан бээр “Эсгий туургатан улсыг төвшин шударга болгож, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж есөн хөлт цагаан туг мандуулж” Их Монгол улс байгуулсныг тунхаглав. Сурвалж бичигт “есөн хөлт” буюу “есөн гөхөлт” хэмээн адил бус тэмдэглэснээр эрдэмтэд янз янзаар ойлгон тайлбарласаар иржээ. Үнэндээ есөн хөлт ба есөн гөхөлт бол зөрчилгүй юм. Тухайлбал, цагаан сүлд есөн хөлт мөртөө есөн гөхөлт байсан хэмээн бид ойлгож байна. Есөн хөл нь түүний иш, суурь байрлал, бат бэх, энх төвшнийг заасан бол есөн гөхөл нь түүний бүтэц чимэглэл манжлагыг зааж байгаа юм. Энэ тухай Д.Гонгор “Сүлд туг хэмээгч нь үндсэндээ нэгэн ойлголт бөгөөд улс гэр, цэргийн хүчнийг бадруулах, цог хийморь бэлэг тэмдэг гэж үздэг. Цагаан, хар, алаг сүлд гэж гурван янз байсан бөгөөд цагаан сүлд нь цагаан, хар сүлд нь хар, алаг нь цагаан хар зүсмийн адууны дэл сүүлээр манжлага хийснээс тийнхүү алдаршжээ” хэмээн хураангуйлан дүгнэсэн байдаг.
Цагаан өнгө бол мандан дэгжрэхийг бэлгэдсэн тэнгэр нарнаас эштэй өнгө гэдэгт эрдэмтдийн санал ижилхэн бөгөөд тэнгэрлэг хөвгүүн Чингис хаан цагаан сүлдийг Монгол улсын төрийн сүлдээр залсан нь монголчууд эе эвийг дээдэлж үүрд өөдлөн мандахыг бэлгэдсэн гэдэгт ч санал нэгтэй байгаа. “Төрийн сүлд тугийг заавал цагаан зүсмийн мянган азарганы сүүлнээс авсан мянган хэсэг дун цагаан хялгасаар бүрэлдүүлэн хийнэ. Ганц ширхэг ч бараан хялгас орох ёсгүй билээ”. Цагаан зүсэм нь ариун цагааныг бэлгэдэж тэнгэрт үнэнч гэдгийг илэрхийлж байна.
Хар сүлдний манжлагыг хээр азарганы онгон гөхөл дэлээр тугийн оройд байлдааны зэвсэг болох илд буюу хутган жад хийж байв. “Түмэн агтын манлай болсон азарга нь галын дөл шиг эрэмгий зоригоороо сүргээ элдэв аюулаас хамгаалдгийг болгоож, цэргийн тугт түүний дэлийг хэрэглэжээ”. Нөгөө талаар, азарга бол сүр хүчний бэлгэдэл болж байгаа бөгөөд онгон гөхөл мундаа нь түүний хийморь цог, сүлд зоригийг харуулж байна, Морины дэл сүүл, ялангуяа гөхөл мундаанд сүнс нь оршдог гэж эртний монголчууд үзэж байв. Адуу дэллэж дэл сүүлийг хяргах үед гөхөл болон мундааг хяргадаггүй онгоноор нь үлдээх ёстой. Энэхүү сүнс оршсон онгон гөхөл мундаа аваас хар сүлдний гөхөл манжлага болохтой зэрэг хар сүлд улмаар амилж ид хүч рид шид нэмэгдэн өргөж тахисан эзнээ ивээж соёрхох нь зүй ёсны хэрэг болж байна. Тугаа тахих ба тэнгэр тахих явдал зарим нөхцөлд ижилхэн утгатай байсан юм.
Зургаа. Адуу хийгээд эртний монголчуудын хорио цээр
“Монголын нууц товчоон”-д баялаг агуулга бүхий Монгол ардын цээр ёсыг тэмдэглэжээ. Энэ талаар бид “Монголын нууц товчоон хийгээд Монгол ардын цээрийн ёсон” хэмээх номдоо дэлгэрэнгүй өгүүлэхээр байгаа тул энд зөвхөн морьтой холбогдсон зарим нэгэн цээрийн тухай өгүүлэх болно. Монгол ардын цээрийн ёс бол хүн, нийгэм, байгалийн өргөн дэлгэр зүй тогтолцоог хамарсан хэв заншлын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд чухам сайныг мөрдөн дагаж саарыг тэвчин сэргийлэх ёс заншлын дүрэмжил мөн. Морь буюу мал маллахтай холбогдсон цээрийн ёсны баялаг агуулгаас энд нийтлэг жишээ болохуйц хэдийг сонгон тайлбарлая.
Морины толгойг цохихыг цээрлэх. Монголчууд адуу малыг гаршуулан эдлэхдээ адалж цохиж байгаад номхотгон сургадаг биш, харин аргадан зөөлдөж байгаад дасган сургадаг. Морь гэгч амьтан бол хүний санаагаар дасал сургаал авдаг маш сэргэлэн амьтан юм. Ингээд унаганаас нь уяж, дааганаас нь давхиулж, уралдааны хурдан хүлэг, уургын уян морь, унааны даацтай агт, урт аяны дайчин хүлэг зэргийг хүн шиг хүмүүжүүлдэг аж. Ийнхүү монгол морь хүн шиг эзэндээ ээлтэй байж, нүдгүй зуд шуурганд айл өрхтэй залгуулдаг, нүгэлт дайны хөлөөс амь насыг хамгаалдаг учир, морийг монголчууд адалж цохихыг аль эртнээс цээрлэсээр иржээ. Ялангуяа морины толгой цохих нь хатуу цээртэй байв. Энэ тухай Лувсанданзаны “Алтан товч”- ид ийм нэгэн үлгэрийг тэмдэглэжээ. Нэгэн удаа “Чингис хаан Жамухатай хамт явтал Богд эзний морь бүдэрвээс эзэн морины тэргүүнийг мянагаар дэлдсэнд Жамуха инээвээс ийн зарлиг болруун: Жамуха чамд ямар баяр болов? хэмээвээс Жамуха өчрүүн,
Бор этүгэн эхийн дарлага Бурхан халдун буй за Бүх улсын эзэн Богд чи буй за Хөлийн эндсэнийг Тэргүүнээс авах буюу Хөвгүүний эндсэнийг эцгээс авах буюу Бор этүгэн эндсэнийг Бурхан халдунаас эрэх буюу Бүх улсын эндсэнийг Богд эзнээс эрэх буюу
хэмээн өчвөөс эзэн зөвшөөрсөн ажгуу” гэжээ. Тухайлбал, Жамуха сэцнээс Чингис хааныг морины толгойг цохилоо хэмээн хошигнон зэмлэсэнд Чингис хаан уламжлалт цээрийг зөрчиж осол алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна. “Морин толгой молор эрдэнэ” гэдэгчлэн морины сүнс толгойд нь оршдог хэмээн тэр цагийн хүмүүс үзэж байжээ. Хэрэв сүнс нь гэмтэх буюу зайлчихвал морь ч хийморь цогоо алдаж эзэндээ туслах байтугай эцэстээ үхэх болно. Морь хүний өртөг нь тухайн цагт адилхан үнэ цэнтэй байжээ. XIII зууны үед энэхүү цээр нэгэнт хууль болон хэрэгжүүлэгдэж морины толгойг цохисон хүнийг алах ялаар шийтгэж байсан бөлгөө.
Энгийн үед морь алахыг цээрлэх. Морийг дээдлэн шүтдэгийн улмаас энгийн үед адуу малыг хөнөөхийг тэр цагийн монголчууд цээрлэдэг байжээ. Тэнгэр тахихаас бусад тохиолдолд адууны амь таслахыг хориглодог. Манай сурвалжуудад тэмдэглэснээр анд барилдах буюу оршуулга хойлгын үед морийг алж, тэнгэр тахидаг байсан нь онцгой жишээ бөгөөд энэ бол мөн ч шүтлэг бишрэлийн нэгэн хэлбэр байсан юм. Нөгөө ертөнцөд морь ч мөн эзэнтэйгээ хамт мөнхрөх болно. Морь аян дайнаас эхлэн бүхий л монголын амьдралд чухал үүргийг гүйцэтгэж иржээ. Монгол хүн хэмээгч мориноосоо салбал юуг ч хийж чадахгүй хэмээн тэр үеийн хүмүүс үздэг ажээ. Ийнхүү монголчууд морийг өөрийн биетэйгээ адил нандигнан үздэг болохоор энгийн байдалд адуу морины амь таслахыг цээрлэдэг уламжлал тогтжээ. Эдүгээ зарим нутагт адуу нядалж морины махыг иддэг боловч морины мах хэмээн хэлэхийг цээрлэж харин адууны мах хэмээн эерүүлэн хэлдэг заншилтай. Мөн морь унаа худалдсан ч дэл сүүлээс нь хэдэн ороомгийг “хишиг буян” хэмээн үлдээн авч даллагын савандаа хадгалах заншилтай. Хийморь хийсгэдэг ёс бол морийг дээдлэн шүтэх ёсны нэгэн чухал хэлбэр болно.
Онгон сэтэртэй морийг унаж эдлэхийг цээрлэх. Монголчуудын морийг дээдлэн шүтэх ёсны бас нэг илрэл бол морь унааг онголон сэтэрлэх явдал юм. Морийг уул овоо, тэнгэр газар, ус мөрөн, хаан эздэд хүртэл бүр онголон сэтэрлэж болдог. XIII зууны дөчөөд онд монголд элчилсэн Плано Карпини, Вилъям Рубрук нар ингэж тэмдэглэжээ: “Тэднүүс бас анхдагч хаандаа нэгэн онгод зохион өгдөг бөгөөд өнөөх онгодоо гэрийн гаднах их тэргэн дээр залж тавина. Эдүгээгийн их хааны ордны өмнө иймэрхүү онгод байж байсан бөгөөд хүмүүс тэр онгодод үлэмж арвин өргөц барьж байсныг бид олж үзсэн билээ. Тэднүүс өнөөх онгоддоо бас морь унаа өргөнө (энэ нь онгонд сэтэрлэсэн морийг хэлж буй А.П.). Эдгээр өргөц морийг үхэн үхтэл нь хэн хүн ч унаж үл болно” гэжээ. Учир нь энэхүү морь бол онгон сэтэртэй морь юм. Онгон гэдэг нь утгын хувьд ариун дархан “хамаг анхны, эс хөндсөн, эрхэм дээд, халдашгүй гэх мэтийн агуулга агуулагдаж буй”. Иймээс онгон сэтэртэй морийг унаж эдэлж болдоггүй, цаашилбал эмэгтэй хүн хавьтаж ойртож болдоггүй хатуу цээртэй байжээ. Эдгээр морь ямар нэгэн шалтгаанаар үхэж хорогдвол ясыг нь гэмтээхгүйгээр бүрэн бүтнээр нь шатааж оршуулах бөгөөд толгойг нь уул овоонд өргөдөг. Оронд нь залуу ганган хүлэг шинээр морийг онголон сэтэрлэнэ. Хэрэв морийг тэнгэрт сэтэрлэсэн бол тэр нь тэнгэрийн унаа хүлэг болж байгаа тул нэн ч эрх дархтай байдаг.
Долоо. Морь хийгээд эртний монголчуудын оршуулга хойлгын ёсон
Монголчууд нэг талаар “тоолоод тавьсан нас, төөлөөд тавьсан бие” буюу “төрсөн биед мөнх үгүй” хэмээн үзэж хүмүүс өвчин эмгэг болон өтөлж хөгшрөөд насан эцэслэх явдлыг үнэн бодитоор танин зөвшөөрдөг боловч нөгөө талаар, хүн үхэвч сүнс үхэхгүй гэдэг ойлголттой байлаа. Ингээд нэг хүний хойдох явдлыг маш хүндэтгэлтэй гүйцэтгэж янз бүрийн оршуулгын ёсны зан үйл хэвшин бүрэлдсэн байна. Өгүүлэн буй XIII зууны байдлаас ажиглахад нас нөгчигсдийн язгуур гарал, байр суурь, гавьяа зүтгэл, зэрэг дэвийг үндэслэн өндөр хаданд оршуулах (одоогийн эрдэмтэд үүнийг салхинд дэгдээх гэж буй), гүн далд газар булшилж нууцлан оршуулах зэрэг хэлбэр голлож байжээ. Монголын язгууртан болон Чингис хааны алтан урагтны хүүр чандрыг маш нууц далд оршуулдаг байснаас Чингисийн чандар эдүгээ болтол олдоогүй оньсого мэт олон зуун жил тайлагдашгүйгээр явсаар хүмүүсийн сонирхлыг татсаар ирэв. Мөн түүнчлэн оршуулга хойлгод нь бас юу юу дагуулдаг талаар “Монголын нууц товчоон” маань бидэнд нууцлан юу ч дурдаагүй мөртөө Чингисийн хүүр чандрын тухай ганц үг ч цухуйлгаагүй орхисон байжээ. Ингээд Чингисийн онгоны тухай хүмүүс янз бүрийн таамаглал дэвшүүлсний дотор Өвөр Монголын эрдэмтэн түүхч агсан Ихмянгадайн Ренчиний жишсэн Бурхан халдуны энгэрт бүхий “Хүрэлхү” хэмээх газар үнэн хүүрийг нь онголсон хэмээх үзэлт нь түүх соёл ба монголчуудын ёс заншлын ул үндэстэй нийцэхүйц зүйчлэл болохоор бид энэхүү саналыг зөвшөөн дэмжиж буйгаа дашрамд тэмдэглэхийн зэрэгцээ оршуулгын ёс морьтой хэрхэн холбогдож байсан тухай зарим зүйлийг дэлгэрүүлэн ярихыг хичээж байна. “Монголын нууц товчоон”-д оршуулгын тухай тэмдэглэл ерөөс гурав дөрөвхөн газар тохиолдоно. Үүнд:
- Хуйлдар баатар Чингисийн төлөө байлдан тэмцэж байгаад нас нөгчив. “Тэнд Чингис хаан Халхын Орнугу-гийн хэлтгий хаданд ясыг ину тавиулав” (§175) гэх.
- Мэргидийн Тогтога бэхи Чингис хаантай байлдаж үхсэнд хөвгүүд нь ясыг нь барин ядаж (оршуулах гэдэг үг А.П.) биеийг нь авч одон ядаж тэргүүг нь огтолж авч зорчиж” (§198) гэх. Сүлд сүнс нь толгойд нь оршдог тул зарим тохиолдолд биеийг нь төлөөлүүлэн оршуулдаг заншил тэр үед байсан бөлгөө.
- “Монголын нууц товчоон”-ы §201 дүгээрт тэмдэглэсэн Жамуха сэцэний оршуулга болно. Чингис хаан эсгий туургат улсыг нэгэн жолоонд хурааж Их Монгол улсыг байгуулсан үед түүний хүчтэй өрсөлдөгч мөртөө дотнын анд Жамуха сэцэнийг шийдвэрлэх ээдрээтэй асуудал тулгарсан юм. Ингээд Чингис хаан Жамухын амаар үхэх өчлийг нь хэлүүлж түүнийг нөгчөөсөн билээ. Гэхдээ тухайн нийгэмд журамлагдаж байсан язгууртныг нөгчөөх ёс заншлыг мөрдөн “цус үл гарган нөгчөөж ясыг нь ил бүү гээгтүн, сайтар баригтун хэмээн зарлиг болж, Жамухыг тэнд нөгчөөж ясыг нь бариулав” (§201) гэх. Үүнээс гадна “ихсийн газар” хэмээх дээдсийн оршуулгын орон буюу тахилгын газар байсныг “Монголын нууц товчоон”-д (§70) тодорхой тэмдэглэжээ. Эдгээр тэмдэглэлээс дүгнэн хэлэхэд нэгдүгээрт, тухайн үеийн монголчууд нийтдээ оршуулгын ёслол явуулж талийгчийг хүндэтгэлтэй нутаглуулдаг заншилтай байв. Хоёрдугаарт, язгууртныг бол цус үл гарган нөгчөөх-цусыг нь газар дусаахгүй ил гаргахыг цээрлэх уламжлалтай байв. Учир нь хүний цусанд сүнс оршдог хэмээн үздэг байлаа. Гуравдугаарт, язгууртан буюу нэр хүндтэй хүмүүсийн хүүр онгоныг “ил хаях” нь цээртэй. Иймийн тулд далд гүн газар булшилж оршуулах буюу чанд нууцлан оршуулдаг байв. Дөрөвдүгээрт, дээдсийн оршуулгын тусгай газар “ихсийн газар” байсан мөртөө жил бүрийн нээсэн ханшийн үеэр тахилга үйлддэг байсан бололтой. Тавдугаарт, тахилгын идээг овгийн гишүүн буюу цусан удмынхан нь хуваалцан идэж амиа нэгтгэн удам судраа бататгадаг байсан байна. Гэхдээ эдгээр тэмдэглэлд хүүр чандрыг нь дагалдуулан юу оршуулдаг байсан, оршуулгын зан үйлд морь ямар үүрэг гүйцэтгэж байсан тухай ер дурдсангүй. Харин энэ талаар тухайн үед Монголд элчилсэн гадаад хүмүүсийн тэмдэглэл энэ цоорхойг нөхвөрлөж буй. Тухайлбал, Сүн улсын элчин Пэн Да-Яа, Сюй Тин нарын туурвисан “Монгол- Татаарын тухай бүрэн тэмдэглэл, Хар Татаарын тухай хэргийн товч” зэрэг зохиолд “Тэд хүүр оршуулахдаа онго бумба гаргахгүй, харин адуугаар гишгүүлж тэгш газар адил болгох юм. Тэмүжиний онгон булшийг тойруулаад сум шорон хатгаж хүрээ болгоод, (өргөн уудмаар гучин газар хиртэй) морьт харуул манааны хамгаалалттай юм.
Сюй Тин би Тэмүжиний хүүр Онон голын хөвөөнд уул усаар хүрээлүүлсэн газарт байхыг олж үзэв. Уламжлалт ярианд Тэмүжин энд мэндэлсний тул наснаас нөгчсөний хойно мөн энд оршуулав гэнэ. Үнэн худлыг мэдэхгүй гэжээ”. “Цо му зи (草木子) бичигт өнгөрсөн төрүүдийн оршуулгын ёслолд Юань улсын дотоод ордны заншлаар бол хоёр хэсэг бүдүүн модыг хүний биеийн их багын хэмжээгээр хөндийлж, хавсруулж авс болгоод үхдэл биеийг авсалж, ширээр ширдээд, алтан цагаригаар гурав цагариглан хадаад, ар газрын онгондоо (Бурхан халдуны энгэрт бүхүй Хүрэлхү дэх ихсийн газар А.П.) аваачиж, гүн оршуулан түмэн адуугаар гишгүүлэн тэгшилнэ. Өвс ногоо хөхөрсний хойно сая харуул манаагаа татаж, тэр цагт нэгэнтээ тэгш дөлгөөхөн газар болсон тул түүний мөр орныг дахин шинжин эрж чадахгүй болно” гэж тэмдэглэжээ. Мөн XIII зууны дөчөөд оны үеэр Монголд элчилсэн баруун европын шашны төлөөлөгч Плано Карпини, Вилъям Рубрук нар бас сонирхолтой тэмдэглэл үлдээжээ. Тэд энэхүү жуулчлалын тэмдэглэлээ ер нь биеэрээ үзсэн зүйл ба найдвартай хүмүүсээс сонссон зүйл хэмээн чухалчилж байснаас үзэхэд тухайн үеийн монголчуудын хэв заншлыг судлахад чухал баримт болох нь гарцаагүй. Плано Карпини тэмдэглэсэн нь “Ямар нэгэн хүн үхсэний хойно, хэрэв тэр нь уулаасаа язгууртан хүн бол түүний зааж тогтсон газар гэр өргөөнийх нь хамт нууцаар булшилж оршуулна. Тэгэхдээ түүнийг гэрийн гол дунд суулгаад өмнө нь ширээ засаж таваг дүүрэн мах, аяга дүүрэн цэгээ өрж тавих бөгөөд бас хээлтэй гүү, эмээл хазаартай морийг түүний хамтаар булшилна. Үүнээс гадна бас өөр нэг морийг алж идсэний дараа, морины арьсанд буудайн холтсыг чихээд түүнийг хоёр буюу дөрвөн модон шон дээр өндөрхөн гэгч зоож зогсооно. Ингэвэл тэр хүн нөгөө ертөнцөд очсоны хойно хонож суухаас гэр өргөөтэй, сааж ундаалах ба унагалж үржүүлэхээс сайн гүүтэй мөртөө унаж эдлэхээс агт хүлэгтэй болгохын хамт үхсэн хүнийхээ сүнсийг амгалан төвшин байлгахын тулд идсэн мориныхоо ясыг галд шатаадаг юм” гэжээ.
Хубилай хааны үед монголын төрд арван долоон жил үйлчилсэн Италийн нэрт жуулчин Марко Поло бас Монгол язгууртны оршуулгын тухай тэмдэглэсэн нь: “Чингис хааны хойч үеийн хаадыг цөм Алтай (энэ нь Хэнтий уул байх ёстой А.П.) гэдэг ууланд аваачиж оршуулдаг байжээ. Татаар (Монголыг зааж буй А.П.)-ын их хаан хаа газар нас нөгчсөн ч атугай, жишээлбэл тэр уулнаас зуун хоногийн газрын хол нутаг ч атугай, цөм тэр ууланд авчирч оршуулах хэрэгтэй байжээ. За тэгээд энэ тухай нэгэн айхавтар юмыг ярьж сонирхуулъя, эдгээр их хаадын чандрыг ууланд авч явах үед дөч, тавь хоногийн аян хөөсөн ч зам зуур дайралдсан хүмүүсийг чандар хүргэгсдээс “Чанад ертөнцөд тонилж эзэн хаандаа үйлчлэгтүн” гэж бүгдийг алдаг байжээ. Тэгээд алагдсан хүмүүс нь үнэхээр чанад ертөнцөд хүрч нас нөгчсөн эзэн хаандаа үйлчлэх хэрэгтэй юм гэж лав итгэцгээдэг ажээ. Мөн тэрчлэн унаа морийг нь бас ингэж алдаг бөгөөд эзэн хааныг нас нөгчсөний хойно түүний амьд сэрүүн байхдаа унаж эдэлдэг хамаг сайн хүлэг морийг бүгдийг алж орхидог. Ингэхдээ мөн нас нөгчсөн эзэн хааныхаа нөгөө ертөнцөд очсоны хойно, эдгээр сайн морьдыг унаж эдлээсэй гэж хэлээд алж орхидог ажээ. Мөнх хаан нас нөгчсөний дараа хааны чандрыг хүргэх замд тохиолдсон хоёр түм гаруй хүмүүс бүр алагдсан байжээ”. Эдгээр тэмдэглэлүүдээс хянахад, XIII зууны үеийн монголчууд хаан язгууртныг оршуулахдаа мориор хойлго хийдэг ёс заншил түгээмэл оршиж байсан бөгөөд цаашилбал боол шивэгчнийг нь дагалдуулан хүнээр ч хойлго хийдэг байжээ. Ер нь түүхийн тэмдэглэлээс ажиглахад умар дахины нүүдэлчин үндэстэн, Хүннү, Дунху, Сяньби, Жужан, Түрэг зэрэг аймаг ястан нь бүр иймэрхүү заншилтай байв. Хүн үхэвч сүнс нь үхэхгүй гэдэг үндсэн ойлголтод суурилан чанад ертөнцөд мөн нэгэн адил амьдралаа үргэлжлүүлэх болохоор энэхүү оршуулгын ёсны дагуу ууж идэх сүү тараг, унаж эдлэх морь унааг нь дагалдуулан оршуулдаг байсан бололтой. Гэхдээ бид монгол түүхийн сурвалж ба археологийн малтлагын олдвор зэргээс нарийвчлан нягтлахад морийг бүхлээр хамт оршуулж хойлго хийдэг биш, харин морь алж тэнгэр тахиад, махыг нь хуваан идсэний дараа зүлдийг (морины толгой, уушги, зүрх зэрэг) талийгчийн хамт оршуулдаг байдалтай байна. Энэ нь хүний сүнс мөрийг зөв үнэн заан өгч тамын орон биш, тэнгэр оронд аваачихыг бэлгэдсэн бололтой. Толгой буюу зүлдэд малын сүнс оршдог бөгөөд морь бол ер нь тэнгэрийн хүлэг мөн. Энэ тухай Өвөр Монголын эрдэмтэн Ян Баяр “Монгол морины соёл судлал” хэмээх дорвилог бүтээлдээ “Морийг хан хурмаст тэнгэрээс хүн төрөлхтөнд заяасан сахиусан хүлэг гэж үздэг. Иймээс тэд морьтой хамт оршуулагдах буюу морийг өөрийн гашуудлыг ёслолд оролцуулбал өөрийн бие нь үхсэн ч морь нь түүний сүнсийг авч зорьсон газарт нь хүргэж чадна гэж итгэдэг” гэж хэлсэнтэй бид санал нэг байна.
Монгол язгууртан ба хаад ноёдын хүүр чандрыг маш нууцлан гүн далд оршуулдаг бөгөөд ор мөр үлдээхгүйн тулд түмэн адуугаар гишгүүлдэг байсан нь хүүр онгоны газрыг нууцлах зорилготой байснаар барахгүй сүнсийг нь тэнгэрийн оронд олон агт сааталгүй түргэн хүргэхэд чиглэгдсэн нь тодорхой. Хаад ноёд тэнгэр язгууртай учир тэдний нас нөгчихийг “тэнгэр болов”, “тэнгэрт халив” хэмээн цээрлэн хэлдэг бөгөөд сүнс нь тэнгэрийн оронд хүрэв гэдгийг бэлгэдэж байна. Сайн хүлэг морь эзнээ амьд сэрүүн байхад тусалж тэтгэхээр барахгүй нөгчсөний дараа сүнс сүлдийг нь туслан тэнгэрийн оронд хүргэдэг гэж тэр цагийн монголчууд итгэж байсан болохоор мориор хойлго хийх буюу хүүр онгоноо гишгүүлдэг байжээ. Монголын оршуулгын ёсонд морин тэрэг буюу моринд суурилуулсан тэргээр нөгчигсдийг нутаглуулах газар хүргэдэг. Чингис хааны хүүр чандрыг морин тэргээр эх нутагт нь авчирсан байх ёстой. Хэрэв морь унаа шээх тохиолдлоор чандрын тэрэг саатахад хүрвэл тэрэгний арлыг сажилж хөдөлгөн явж байхыг бэлгэддэг. Эдгээр бүхэн бол сүнсийг нь төөрөгдөлгүй тэнгэрийн орон буюу чанад ертөнцөд хүргэхийг санаачилсан зан үйл болох юм. Түүхэн тэмдэглэлээр “Хасаг тэргэнд хүлгүүд хүлсэн” Чингис хааны шарилын тэрэг Мунийн Хөөвөр гэдэг газар саатсанд, Сөнидийн Гилгүдэй баатар эзэн Чингисийг магтан дуулж эх нутаг, үр хүүхэд, амраг гэргий анд нөхөд бүхнийг нь дуртган сануулсны дүнд эзний хорогдсон сүнс эх нутгаа чиглэн сааталгүй түргэн аярлаж “тэнгэрт хальсан” байна.
Монголчуудын оршуулгын ёсонд талийгчийн сүнс ямар нэгэн юманд хоргодохоос ихэд эмээн айдаг байжээ. Ийнхүү “амьд сэрүүн байхдаа унаж эдэлдэг хамаг сайн хүлэг морийг бүгдийг алж” нөгчигсдийн хамт оршуулдаг нь нөгчигсдийн сүнс мориндоо хорогдохоос сэжиглэсэн байж болно. Монголчууд мориндоо хамгийн хайртай байдаг. Түүхэн бичигт монгол хүн “нохой моринд хэтэрхий хайртай. Сайн нохой морийг хүнээс илүү хайрладаг” байжээ. “Муу хүнтэй ханилахаар морь нохойтойгоо нөхөрлө” гэсэн үг ч байдаг. XIII зууны үеийн монголчууд хүн сүнстэй гэдэгт бат итгэж байсан бөгөөд талийгчийг сайхан оршуулахгүй бол түүний сүнс нь ямар нэгэн юманд хоргодох буюу цаашилбал зуурдын сүнс болно хэмээн итгэдэг. Магадгүй тэр хайрт мориндоо хоргодож болох юм. Ингээд түүний унаж эдэлж байсан хайртай хүлэг морь, эмээл хазаар, зэр зэвсгийг дагалдуулан оршуулдаг ёс заншил тогтсон байж болох билээ.
Монголын бөөгийн шашны онолд энэ ертөнц ба чанад ертөнц гэх хоёрхон ертөнц байдаг хэмээн залуу судлаач Эрдэмт дүгнэн хэлсэн нь маш шинэлэг мөртөө зүйтэй санал хэмээн ухааран ойлгож байна. Тэр бичихдээ “Ерөнхийд нь үзвэл хүний орчлонг ил ба далд гэх хоёр ертөнцөөр хувааж, амьд яваа хүмүүс нь ил ертөнцөд амьдран, үхэж сөнөсөн хүмүүс нь далдын сүнсний ертөнцөд амьдарч буй гэж үздэг байжээ. …энэ хоёр ертөнцөд бүр “амьдрал” буй гэж итгэж байсан” болохоор мориор хойлго хийх буюу сатаалахыг талийгчийг чанад ертөнц буюу далд ертөнцөд мөн баян чинээлэг эд хөрөнгөтэй амьдрахыг хүссэн санаа буюу.
Найм. Адуу хийгээд эртний монголчуудын цэрэг дайны уран чадвар
Монгол хүн морины нуруунд ертөнцийг тогтоосон. Морь бол монголчуудын дайн байлдааны дунд дайснаа ялж дархан цолыг мандуулахад дайчин ханийн нэг нь байсан юм. Цэрэг дайн, элчийн мэдээ уламжлахад морь аваас “солироос ч түргэн”, “цахилгаан шиг түргэн” байж яг л тэр цагт өнөөдрийн и-мэйл шиг Ази, Европ буюу бөмбөрцгийг хооронд нь холбож байжээ. Монголын цэрэг дайнд хөтөлгөө морь буюу хэд хэдэн морьтой халж сэлгэн явдаг тул ядарч зүдрэхийг мэдэхгүй, хандсан зүгтээ сааталгүй хүрдэг байсныг тухайн үеийн сурвалж бүхэнд адилхан тэмдэглэжээ. “Монголын нууц товчоон” зэрэг сурвалжаас хянахад монгол хүний ертөнцийг тогтоосны бас нэг нууц нь хүчирхэг их морьт цэрэгтэй байснаас болсон юм.
Монгол угсаатан, удмынхан ер нь мориор мандал хөгжил, баян хүчирхэг, нэр төрөө болгож ирсэн тул морийг өгөөш болгож нөгөө этгээдийнхээ санаа сэтгэлийг минчрүүлэх арга авдгийг “Монголын нууц товчоон”-д тэмдэглэжээ. Тухайлбал Чингис хаан Наймантай байлдахдаа “муухан эмээлтэй эцэнхий зээрд морь”-оор өгөөш болгож, найманчуудад “Монголын агт туранхай байна” гэх буруу дүгнэлт гаргахад хүргүүлж, үүнээс болж Найман аймаг дайны бодлогоо буруу боловсруулж эцэстээ ялагдаж мөхсөн билээ. Үнэндээ Наймантай байлдаж байх үед Отчигин зэрэг ноёдын “морьд тарган байсан” (§190) бөгөөд агт морио идээшүүлж амраагаад авсан байлаа. Нэг л морины тухай дүгнэлт буруугаас болж нэг ястан мөхөж байсан энэхүү түүхийг үзэхэд морь монголчуудын амьдралд хэчнээн чухал байсныг мэдэж болно.
Зарим үед морийг шууд дайны жагсаалыг эвдэхэд ашиглаж байжээ. Энэ тухай Сүн улсын элчин Пэн Да-Яа “Дайсан хэрвээ жагсаалаа бэхэлж зуун зүйлийн арга бодлогод нь унахгүй бол үхэр, тэжээвэр буюу эсвэл эмнэг морьдоо хөөж авчран дайсны жагсаалыг хутгаж самууруулахад дайсан эс дийлэгдэхээр цөөн юм” гэж тэмдэглэсэн байна. Морь нь тал нутаг, хээр шил уул хадтай газрын байлдаанд хийморьлог дайчин байсан төдийгүй мөн ус мөрнийг гэтлэхэд онгоц салаас дутахгүй хэрэгцээтэй байжээ. Морь бол төрөлхийн усч амьтан болно. Энэ тухай Д’Оссон “Монгол цэрэг гол гатлахдаа үхрийн арьсанд бургасан цагариг уяж, зураг мэт сав болгон дотор нь зэвсэг хувцсаа хийж, салаа биетэйгээ холбож мориныхоо сүүлнээс барин урсгалыг дагаж гаталдаг байна” хэмээн тэмдэглэжээ.
Морь монгол хүний бүхий л амьдралд амь нь болж байна, хань нь болж байна. XIII зууны эринд мориноос салгаж монгол хүний тухай төсөөлөхийн аргагүй байна.
Ес. Адуу хийгээд эртний монголчуудын зан сэтгэхүйн зарим онцлог
Зарим тохиолдолд монгол хүний зан чанарыг малтай нь зүйрлэн илтгэх явдал буй. Тухайлбал, “үхэр Үзэмчин”, “үхэр Халх”, “ямаан Цахар”, “морь шиг сэргэлэн”, “хонь шиг номхон”, “үхэр шиг зөрүүд” гэх мэтийн хэллэг ямар нэгэн хэмжээгээр эдгээр ястан болон Монгол хүмүүсийн зан чанарын онцлогийг тусгаж байна. Монгол хүний халуунтай, хүйтэнтэй байдаг зан чанар буюу монгол угсаатнууд хоорондоо зөрчилддөг чанарыг “Ойрдоо мөргөлдөж, холдоо мөөрөлддөг”, (ижлээ эрж санасан гэх утгатай А.П.) гэх зүйрлэлээр илтгэдэг. “Монголын нууц товчоон”-д морь адуутай зүйрлэн санаа сэтгэлээ илтгэсэн соёл сэтгэхүйн онцлог тодхон ажиглагдана. Монголчууд эрт язгуураас Монголын өндөрлөг дэх хахир хүйтэн оронд оршин нутагшиж орчин тойронтойгоо зохицон таван хошуу мал маллан амьдрахдаа монголчууд зөвхөн мал, байгаль хоёрыг л нөлөөлсөн төдий биш, гэдрэгээ харин мал байгаль хоёртоо нөлөөлөгдсөн зүйл ч зөндөө буй. Наад захын жишээ татахад монгол орны уур амьсгал хахир хүйтэн мөртөө халуун хүйтэн тогтворгүй байдаг болохоор монгол хүний зан чанар ч эрс тэс, уурлаж баярлах хэвийн бус, яг л хаврын цагийн тэнгэр шиг халуун хүйтэн хосолж харийн хүмүүст ойлгогдошгүй байдаг. Монгол хүн заримдаа үнэхээр “үхэр шиг зөрүүд” найз нөхөд садан төрөлдөө найр зан тавьдаггүй, заримдаа морь хонь шиг номхон дөлгөөн, таньж мэдэхгүй харь хүнийг ч халуунаар угтан сүүтэй цай, шимт архи, бүхэл шүүсээр дайлдаг. Зөөлөнд уярч хатууг сөрдөг малын зантай. Энд бид Монгол хүний зан чанар малтайгаа хэрхэн холбогдсон бүхий л асуудал (тусгай зохиол бичиж буй)-ыг судлах зорилго тавиагүй, харин зөвхөн “Монголын нууц товчоон” дахь морьтой холбон зүйрлэсэн зарим нэгэн соёл сэтгэхүйн онцлогийг сүвэгчлэхээр байна.
Уул шахан бууя адуучин бидний алачугаа хүртүгэй, голд шахан бууя хоньчид хургачид бидний хоолойд хүртүгэй (§118) хэмээхийн учир. Энэ бадаг шүлэг бол Жамуха сэцэнээс Тэмүжинд хандан хэлсэн үг билээ. Жамуха сэцэн бээр Тэмүжиний андын хувьд Гурван мэргидийг бут цохиж, Бөртэ үжинийг нь буцаан авчирч өгсөн бөгөөд андаа бататгаад жил хагас хамт сууж хэлэхгүй үгийг хэлэлцэн хэн алиныхаа санааг цаана нь гартал мэдэх болжээ. Тухайлбал аль аль нь бүр монголын хан болохыг хүсэхээр барахгүй нийт эсгий туургатны хаан болох хүсэлтэй байснаа мэдэв. Жамуха уул нь Тэмүжин түүний өмөг түшигт багтаж явна хэмээн гэнэн хонгор сэтгэж байжээ. Гэтэл талын язгууртны сэтгэхүйгээр хүмүүжсэн Тэмүжин хан болох хүслээр оргилон бат байж, жил хагасын хооронд Жамухын харьяанд байсан уулын харьяат иргэнээ бараг бүгдийг биедээ татаж амжжээ. Үнэндээ андын журмыг сахисан Жамуха улс төрийн хувьд юу ч үгүй хоосон хоцорсноо сэрж мэдлээ. Салж явъя гэхэд санаа нь төвдөхгүй, салахгүй гэхэд бусдад залгигдлаа. Ингээд сэцэн цолтой Жамуха бээр нүүдлийн соёлын онцлогийг ашиглаж адуу, хонийг нэг нутагт малжиж болдоггүй ардын уламжлалыг зүйрлэл болгон “хөл дэлсэх” (Үзэмчин нутгийн өвөрмөц хэллэг, санаа бодлыг нь үг хаяж туршин ойлгох утгатай) маягаар Тэмүжинээс бид “салах уу?”, “байх уу?” хэмээн асуусан нь тэр. Энэ тухай Загчид Сэцэн, Дэлгэр, Одон зэрэг эрдэмтэн адуу, хонийг нэг бэлчээрт маллаж болдоггүй ёс зүй бэлгэдэл зүйрлэл болгон ашиглаж Жамуха салах санаагаа илтгэсэн гэдэгт бидний санал ойролцоо байна. Гэхдээ Жамуха бол “хөл дэлсэх”, тэнсэх маягаар асуусан. Тэмүжин ч тус үгний утга ба тусалтыг гүнзгий ойлгож байгаа боловч тухайн үед өөрийн хүчиндээ бүрэн итгэлтэй байсангүй тул эс ойлгосон маяг гаргаж эхээсээ асуусан (§118) байна. Монголын нэрт түүхч Ш.Нацагдорж агсны шинжилснээр Тэмүжиний бүсгүй Бөртэ, Жамухын Домогч эхнэр хоёр үл тааралддаг байсан нь тэдний тус тусын замаа хөөхөд шууд түлхэц болж Бөртэ хатны үг (§118)-ийг авч нүүдлийн замд салжээ. Гэхдээ “салах” гэдэг санаагаа Монгол хүн бүхний мэддэг адуу, хонь хоёрыг ас асад нь малладаг нүүдлийн соёлын онцлогоор зүйрлэн илтгэсэн нь Монгол амьдрал мэддэггүй гадаад дотоодын мэргэдийг янз янзын төөрөгдөлд учруулахад хүргэжээ.
Үр хүүхдээ сургахыг үрээ даагатай зүйрлэх. Монголчуудын сурган хүмүүжүүлэх ёсонд “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” хэмээн үзээд унага даагыг уян сойж сургадагтай адилаар үр хүүхдээ бас багаас анхаарч сурган хүмүүжүүлдэг байжээ. Энэ тухай “Монголын нууц товчоон”-д морьтой холбон зүйрлэсэн жишээ хоёр тохиолдож байна. Тухайлбал, “Монголын нууц товчоон”-ы §149 дүгээрт тэмдэглэснээр Тайчуудын Таргудай хирилтуг хэлсэн нь “Тэмүжинийг өчүүхэн цагт эзэнгүй хар бууцанд орхигдоод байхад нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хүүхэд юмсан гэж үзэж авчраад сургасанд ой сэргэлэн тул үрээ даагаа сургах мэт сойн сургаж хүмүүжүүлж явсан билээ” гэжээ. Энэ нь зүйрлэлийн хувьд морьтой зүйрлэж байна. Морь бол ер нь номхон дөлгөөн зантай, амархан дасал сургаал авдаг, ижилсэн дасахад хялбархан амьтан билээ. Энэ онцлог болбоос хүнийг морьтой зүйрлэх болсон ч байж болох юм. Яриангүй үрээ даагыг сургана гэгч хялбар ажил биш, чухамхүү унаганаас нь уяж, дааганаас нь давхиулж баймааж сая даацтай давхиатай морь болгодгийн адил хүнийг хүмүүжүүлэх нь нэн ч хялбар бус, нөр их няхуур хөдөлмөр шаардана гэдгийг зүйрлэн илтгэсэн агуулгатай ч байж болох юм. Мөн “Монголын нууц товчоон”-ы §272 дугаарт, Өгэдэйн хаан хөвгүүнээр сонгогдсоныг морьтой зүйрлэн өгүүлж байна. Тухайлбал Толуй өгүүлрүүн “Сод Чингис хаан эцэг бидний дээр ах нар доор дүү нар бөгөөтөл хаан ахыг чамайг агт мэт сонгож” хэмээх. Хаан хүнийг бол хүлэг морь, сайн агт сонгох мэт нарийн шилэн сонгодог гэснийг илтгэж байна. Малжлын соёлд морь бүхэн хүлэг болдоггүйтэй адилаар хүн болгон ч хаан суудаггүй юм. Хүлэг морь гэгч удам угсаатай холбогдох мөртөө унаж эдлэх, уяж сойх зэрэгтэй ихээхэн холбогдоно. Үүнтэй адилаар Чингис хаан ч Өгэдэйг залгамжлагчаар сонгохдоо нарийн шилж тунгаасныг “Монголын нууц товчоон”-д тодорхой тэмдэглэжээ. Юу ч гэсэн энэ бүхнийг морьтой холбон зүйрлэдэг нь жинхэнэ монгол соёлын өвөрмөц онцлог хэмээж болно. Морь бол тэнгэрлэг амьтан. “Сайн морь дараагийн төрөлдөө хүн болж төрнө, саар хүн дараагийн төрөлдөө морь болж төрнө” хэмээн миний нутгийн Үзэмчиний настад хуучилдаг нь морьтой холбогдсон Монгол соёлын нэг тусгал буюу.
Морьтой хүн мандаж, морьгүй хүн мохох хэмээх ойлголт. “Монголын нууц товчоон” хийгээд X зууны үеийн тулгар бичгээс хянахад морийг хөгжил мандал, бадрал дэгжрэл, өөд эсрэгийн бэлгэдэл болгож зүйрлэсэн нь зөндөө тохиолдоно. Харин морьгүй буюу туранхай морьтой ганц морьтой хүн бол ядуу буурай, өнчин дорой хүчин чадалгүйгээр бусдад муушаагдан муу үзэгдэж байна. Жишээ нь Бодончар мунхаг урагт үл тооцогдож, хувь өмч ч үгүй “гол даарьт, годил сүүлт” (§24) ганц морьтой хэдэн ах нартаа хөөгдсөн, Бөртэ үжин (§99) морь дутсанаар Мэргид аймагт булаагдсан, Монгол морьд туранхай хэмээн Найман аймаг доромжилж байсан (§193), цэрэг дарагдаж бутарч сарнисан хүмүүсийг “морин унаатан модон нөмөртөн” (§174) хэмээн хэмээн доромжлон гутааж хэлдэг зэрэг байсныг “Монголын нууц товчоон”-д маш тодорхой тэмдэглэв. Энэхүү зүйр үгийн утга нь Мансан, Элдэндэй, Ардаажав, Загчид Сэцэн, Д.Цэрэнсодном зэрэг эрдэмтэд “орох гэр, оочих аягагүй”, “хөтөлгөө морь гэр тэрэггүй болсон”, “эзгүй талаар тэнүүчлэх, даруй унах морьгүй, суух гэргүй”, “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явагч” гэх мэтийн ойролцоо утгаар тайлбарлажээ. Түүхэнд тэмдэглэсэн байдлаар монголчууд гадагш гарах, аян дайнд явахад наад захдаа “хөтөлгөө морь” той цаашилбал хэд хэдэн хөтөлгөө “хөтөлгөө морь”-той явдаг байжээ. Энэ нь бүхий л аялал явцыг түргэтгэж агт моринд ч амжаа сэлгээ болдог. Иймэрхүү байдлаас ажиглахад ганц морьтой болсноор гачигдлын туйлд хүрч байлдаанд оролцох байтугай, бусдаас дутаасан ч хол явж чадахгүй гэсэн санааг илтгэж байх нь тодорхой. Яриангүй морьтой хүн морьгүй хүнээсээ дээр, морьгүй болбол монгол хүн чухамхүү мохно гэдэг санааг “Монголын нууц товчоон”, “Судрын чуулган” зэрэг сурвалжид тэмдэглэснээс монголчуудын амьдралд морь хэр зэрэг байр суурьтай байсныг ойлгож болно.
“Монголын нууц товчоон”-д хялбархан хийж гүйцэтгэж болох зүйлийг “морины жондуул” (хомоол) (§174) түүх мэт амархан хэмээн зүйрлэн үзүүлж байна. Эдгээр бүхнээс хянахад, морины тухай соёл заншил монгол хүний зан сэтгэхүй бүхэнд тусгалаа олж байна.
메타데이터
- post_id
- 2f258c141a5f
- slug
- монголын-нууц-товчоон-ы-адуунд-холбогдсон-соёл-2f258c141a5f
- url
- https://medium.com/@iashmstudies/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%83%D1%83%D1%86-%D1%82%D0%BE%D0%B2%D1%87%D0%BE%D0%BE%D0%BD-%D1%8B-%D0%B0%D0%B4%D1%83%D1%83%D0%BD%D0%B4-%D1%85%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D0%B3%D0%B4%D1%81%D0%BE%D0%BD-%D1%81%D0%BE%D1%91%D0%BB-2f258c141a5f
- canonical_url
- https://medium.com/@iashmstudies/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%83%D1%83%D1%86-%D1%82%D0%BE%D0%B2%D1%87%D0%BE%D0%BE%D0%BD-%D1%8B-%D0%B0%D0%B4%D1%83%D1%83%D0%BD%D0%B4-%D1%85%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D0%B3%D0%B4%D1%81%D0%BE%D0%BD-%D1%81%D0%BE%D1%91%D0%BB-2f258c141a5f
- author_url
- https://medium.com/@iashmstudies
- status
- ok
- fetched_at
- 2026-07-10 04:31:59