МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН ДАХЬ “ХАР ӨНГӨ”-НИЙ БЭЛГЭДЭЛ
А.Пунсаг. Монголын нууц товчооны судалгаа (нэмж баяжуулсан хоёр дахь хэвлэл). Улаанбаатар, 2024: 101–107.
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН ДАХЬ “ХАР ӨНГӨ”-НИЙ БЭЛГЭДЭЛ
А.Пунсаг. Монголын нууц товчооны судалгаа (нэмж баяжуулсан хоёр дахь хэвлэл). Улаанбаатар, 2024: 101–107.

Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайх ёслолын зургаас. 2023.06.06.
Монголын бэлгэдлийн соёлд өнгөний бэлгэдэл маш чухал орон зай эзэлнэ. Манай анхны алхмын ажигласнаар “Монголын нууц товчоон”-д хамгийн олон, хамгийн илд тод харьцуулал болж тусгагдсан өнгө бол хар, цагаан хоёр өнгөний бэлгэдэл болох юм. Тухайлбал: “Гэгээн цагаан өдөр” ба “харанхуй шөнө” (§8, 83) гэх. “Цагаанаа цацваас, хард хахваас” (§167), “Хар шөнийн зүүдэнд чинь орох би, гэгээн өдрийн сэтгэлийг чинь зовоох би” (§201) гэх. “Хар шөнө гэндүү чоно, гэгээн өдөр хар хэрээ болж” (§210) гэх мэт өдөр шөнийн ялгаанаас өнгөний тухай танилт гүнзгийрч ахуй, байгалийн тухай бусдач танилт байснаасаа нэгэн бодисын шинж чанарыг илтгэх бэлгэдлийн утгатай болж нийгэм, соёлын хүрээнд нэвтэрсэн байна. “Монголын нууц товчоон”-д тусгагдсан байдлаас ажиглахад өндөр, сүрлэг уул хайрхныг “Хар зүрхэн” (§89, 122), “Харагун хавцал” (§150, 177), “Харагун жидүн” (§183, 206) гэх мэт, өргөн уудам хээр талыг “Хар тал” (§197), “Харажи хээр” (§105) гэх, харлан нэлмийх гол мөрнийг “Хар сүүл гол” (§159, 177) гэх, харанхуй гүн элс манхныг “Хар халзан элс” (§70), “Хар халчиуны элс” (§170, 200) гэх, сүрлэг сайхан хот сууриныг “Хархорум” (§273) гэх мэтээр бүр хар өнгөөр тодотгон нэрлэж байна. Эдгээр нэрсээс үзэхэд хар өнгө нь зэвүүцсэн, муушаасан утга санаагүй, харин хар өнгөөр сүрлэг, ихэмсэг, аварга том, бат бэх, гүн далд, өргөн уудам гэх мэт утгыг илтгэж байна. Яриангүй “Монголын нууц товчоон”-оос хянан шүүхэд хар өнгө зөвхөн дээр дурдсан уул хайрхан, ус мөрөн, ой шугуй, орон сууц зэргийг нэр заасан төдий бус, мөн эд хэрэгсэл, мал унаа, зэр зэвсэг, хүмүүсийн зэрэг дэв, зан араншин, нэр овог зэрэг нийгэм, соёлын олон талтай холбогдож янз бүрийн бэлгэдлийн утга санааг шингээж байгаа нь ажиглалтаас илт байна. “Монголын нууц товчоон” дахь хар өнгөний зарим нэгэн бэлгэдэл утгыг дараах хэдэн зүйлээр хураангуйлан үзүүлье.
Нэг. “Хар нүдүн” хийгээд эрэлхэг дайчин, ид хүчтэний бэлгэдэл
“Монголын нууц товчоон”-д тэмдэглэснээр Тэмүжин “төрөхдөө баруун гартаа шагайн чинээ “нөдүн” (нөж) атган төржээ (§59). Энэ бол түүний ер бусын шинж тэмдгийн илтгэл болох нь гарцаагүй. Мөн “Монголын нууц товчоон”-д Өгэлүн эхийн үгээр онц сайн дурдсанаас үзвэл энэхүү нөж өөр өнгийн нөж биш харин “хар нөдүн” болно. Тэр мөртөө энэхүү “хар нөдүн” нь Чингис хаанаа хэнд ч үл дийлдэх эрэлхэг дайчин, цөс зориг, ид хүч аварга чадлыг бэлгэдэж ирээдүйд зайлшгүй түмний түрүү, мянганы манлай “засагтан сайд” болохыг зөгнөн үзүүлж байна.
Есүхэй баатарыг нас нөгчсөний дараа Тэмүжинийхэн нэг үе “сүүдрээс бус нөхөр үгүй, сүүлнээс бус чичуга үгүй” (§76) хүнд хэцүү байдалд орж загас гөхийдөн, шувуу торлож амиа аргацааж байв. Ингээд нэгэн загас болжморын учраас хэрүүл болж, эцэстээ эцэг нэгтэй, эх ондоо дүү Бэгтэрийг харван алсан харуусалт хэрэг гарчээ. Үүнийг ухаарсан Өгэлүн эх
Ханиа барагсад, Халуунаас минь Хальтхийн гарахдаа Гартаа хар нөж атгаад төрлөө, энэ. Харвисаа хадах Хасар нохой мэт Хаданд довтлох найман мэт Уураа даран ядах арслан мэт Амьдаар залгих мангас мэт Сүүдэр дараа довтлох шонхор мэт Сэмээр залгих цурхай мэт Ботгоныхоо борви хазах буур мэт Борооноор шагайх чоно мэт Хүүхдээ хэлин ядаж идэх ангир мэт Хэвтшээ хөндвөөс өмөөрөх цөөвөр мэт Барьж үл саарах барс мэт Балмад довтлох бар мэт [1]
хэмээн Тэмүжин, Хасар хоёрыг адгуус амьтан, араатан барстай зүйрлэн алдаа дутагдлыг нь чанга шүүмжилсэн боловч нөгөө талаар, халуун хэвлийгээс хагаран гарахдаа “хар нөж” атган төрсний учир арслан, барс мэтийн догшин хүчтэний бүх шинжийг бүрдүүлснийг яг туульсын зохиол шиг нарийн тоочин өгүүлжээ. Энэ нь ямар ч зорилгогүй хүүрнэл биш юм. Харин “хар нөж” атган төрсөн тул иймэрхүү ид хүчтэй байна гэснийг нотлохын тулд олон эдгээр мэт хэмээх зүйрлэлийг хэрэглэж Тэмүжин Чингис хааны баатар дайчныг бэлгэдэн хожим хэнд ч үл дийлдэх аугаа хүчтэй гэдгийг онцлон товойлгож байгаа юм.
Энэхүү санаа “Монголын нууц товчоон”-д олон давтагдана. Жамуха сэцэн Найманы Таян ханыг “амаар алж, үгээр үхүүлж” анд Тэмүжинийг танилцуулан хэлэхдээ “өвч биеэ ширмээр бэхэлж, шивээ хатгах зай үгүй, хамаг биеэ төмрөөр хуяглаж тэвнэ хатгах зай үгүй” [2] гэх мэт зүйрлэл хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, Тэмүжин Чингис хаан бол хамаг бие нь төмрөөр давтагдсан, ган болд мэт зориг зүрхтэй, хариуцан эсэргүүцсэн этгээдэд хайр найр тавьдаггүй, хамаг хүчийг нь бүрэлдүүлсэн “арслан”, “барс” шиг баатар хүчтэн болохыг эдгээр зүйрлэлүүд тодорхойлж байгаа юм.
Хараа ихт туг хийгээд хар өнгөний бэлгэдэл
Хар өнгө бол дайчин сүр сүлдний бэлэг тэмдэг мөн. “Монголын нууц товчоон”-ы тэмдэглэлийг үндэслэвэл Чингис хаан Бөртэ үжинийг Гурван мэргидэд булаагдаад арга бус Ван хан болон Жамуха сэцэн андаас тусламж гуйжээ. Үүнийг сонссон Жамуха сэцэн бээр Тэмүжиний андын хувьд үнэн сэтгэлээр тусалж өшөөт Мэргидийг устгахаа амласан бөгөөд өөрийн цэргийн жагсаалын байдлаа доорх мэт дүрслэв:
Хараа ихт тугаа тахиж Хар бухын арьсаар бүрсэн Хүнгэнэм дуут хэнгэргээ дэлдэж Хуягт дээлээ өмсөж Хатан жадаа барьж Хатан нугас сумаа онилж Хар хурднаа унаж Хаад мэргидийг сөнөөхөөр Хатгалдан байлдахаар мордмуй [3]
гэж тэмдэглэжээ. Энэхүү зүйлд тэмдэглэгдсэн “урт хараат туг” буюу “хараа ихт туг”-ийг хожим түүх сударт “дөрвөн хөлт хар сүлд”, “догшин хар сүлд” гэх мэт янз бүрээр тэмдэглэгдсэн боловч түүнийг дайн байлдааны дайчин хар сүлд мөн болохыг гарцаагүй хэмээн олонх судлаачид үзэж буй. Өөрөөр хэлбэл, XIII зууны үед Монголын овог аймгууд тус тусдаа сүлдтэй байсан боловч Чингис хааны их нэгдлээс хойш “есөн хөлт цагаан туг” нь монголчуудын эрх чөлөө, эв нэгдлийн бэлгэдэл төрийн сүлд болж, “хараа ихт хар туг” нь харь дайсныг даран сөнөөх дайн байлдааны дайчин сүлд болж тогтворжсон байна. Энэ тухай “Арван буянт номын цагаан түүх” хэмээх сурвалжид “хараа ихт хар туг бусдыг айлгахын бэлэг” хэмээн тодорхой тэмдэглэжээ. Хар өнгө бол Монголын бэлгэдлийн соёлд дайчин сүртэй, хүнд хатуу өнгө юм байна. Энэ тухай “Монголын нууц товчоон”-ны §170 дугаарт тэмдэглэснийг сийрүүлбэл “Ван хан Жамухад Тэмүжин хөвгүүнд байлдаж чадмаар хүмүүс хэн буй гэж асуусанд Жамуха өгүүлрүүн тэнд Уругуд Мангуд нар буй. Тэд хараахан байлдаанд чадамгай байдаг. Тэд тойрон байлдахдаа жагсаал зохиож, эргэн байлдахдаа эгнэн даган явдаг, өчүүхэн бага наснаасаа илд жаданд дадсан алаг тугт, хар тугт тэднүүс амь хичээдэггүй” [4] гэжээ. Энэхүү тэмдэглэлээс үзэхэд “хар туг” нь дайн байлдааны догшин сүлд болох бөгөөд хар туг мандуулсан эрс бол халуун амь, бүлээн цусаа урсгахаас өчүүхэн ч айдаггүй хатан зоригт баатар хүмүүс гэдгийг тодорхойлж байна.
Найман аймгийг дайлах үед Чингис хаан тугаа тахиад морджээ. Энэ нь бидний бодохоор байлдааны хар туг буюу хараа ихт хар сүлд болох юм. Монголчууд иймэрхүү догшин хар сүлдийг тахиж тэнгэрт үнэнчээр тангараг өргөсөн болохоор тэнгэр тэднийг ивээх нь зайлшгүй мөртөө монголчуудад чиг зорьсноо биелүүлэхийн төлөө “хатгалдаж нэгэнт эхэлбээс хар нүдээ цавчдаггүй, хацраа жадлагдавч халтирч буцдаггүй, хар цус нь урсавч хатан зориг нь мөхөх үгүй, хатуужил ихтэй монголчуудтай” [5] халдсан дайсан бүхэн ялагдах нь зайлшгүй билээ. “Монголын нууц товчоон”-ы §106-д тэмдэглэсэн “хар бух”, “хар хурд” зэрэг бух, морины зүс нь бүр дайн байлдааны сүр хүчийг нэмэгдүүлж байгаа тодотгол өнгө юм. Монголчуудын бэлгэдлийн соёлд бух бол ид хүчтэний бэлгэдэл болж байдаг. “Монголын нууц товчоон”-д “Бухату салжи” (§19, 42), “Жали буха” (§58, 41), “Хори буха” (§59), “Буха” (§137, 226, 234), “Бухтөмөр” (§177) Бухадай утгатай нэрс болох юм. Ялангуяа “хар өнгө”-тэй холбогдох үед нэн ч сүр сүлдтэй, ид хүчтэй болж байна. Тухайлбал, байлдааны хэнгэрэг нь “бурхиа дуутай” болсон явдал нь “хар бухын арьсаар бүрсэн”-ээс болсон юм. Өөрөөр хэлбэл, дайсныг айлгах бэлэг тэмдэг болсон байна.
Байлдааны хар сүлдийг хээр азарганы онгон гөхөл, сүүлээр чимж хийдэг нь түүний дархан дайчин чанарыг бэлгэдэж байна. Дайн байлдааны үед хар бараан зүсмийн морь унадаг ёс заншил нь хар өнгө дайн байлдааны сүр сүлд ихэсгэж эсрэг этгээдээ айлгах, сүрдүүлэх хүчтэй гэж үздэг бэлгэдлийн уламжлалтай холбоотой юм.
“Хар булган дах” хийгээд бат бэх, үнэнч шударгын бэлгэдэл
Тэмүжин есөн настайдаа Дэй сэцэний охин Бөртэ үжинтэй сүй тавьж хүргэн болсон боловч цаг төрийн самуунаас болж тэднийд удаан байж чадалгүй гэртээ буцаж, нэг мэдэхэд арав гаруй жил өнгөрч, хэзээ хойно сая гэрлэсэн байна. Энэ хугацаанд Дэй сэцэнийхэн “цөхрөх” шахсан ч “хөтөлгөө морь”-ны бэлэг авч хожим хурим ургийн баталгаа хүлээсэн учир охиноо хүнд өгөлгүй хүлээн байж Тэмүжинд мордуулжээ.
Бөртэ үжинийг мордуулах үед Чотан эх хуримын шитгүл хэмээн “хар булган дах” авчирч өгөв. Шитгүл хэмээхийг хадмал орчуулгад хадамд золгох хэмээжээ. Энэхүү бэлэг бол маш хүнд чухал мөртөө олон давхар бэлгэдлийн утгатай бэлэг гэснийг “Монголын нууц товчоон”-ы тэмдэглэлээс ойлгож болно. Монгол ястны хуримын ёсны өмсгөлд дээл хувцас бэлэг бол ерөөсөө хүүхдийн элэг бүтэн өнөр өтгөн айл өрх болохыг нь бэлгэдэж байдаг. Энд Тэмүжиний хуримын өмсгөлд “хар булган дах” бэлэглэсэн нь эдгээр санааг илтгэж байхаас гадна “хар” өнгөөр ураг хуримын явдал бат бэх байхыг тодотгон илтгэж тэднийг харилцан чин үнэнчээр ханилан амьдрахыг бэлгэдэж байгаа болой. Учир юунд гэвэл хар өнгө бол хамгийн тогтуун мөртөө бат бэх өнгө юм. Монголчууд өнгөтэй холбогдуулан хүний зан чанарыг илтгэхдээ “цагааныг үзвэл цайвалзах”, “хөхийг үзвэл хөрвөх”, “шарыг үзвэл шарвалзах”, “улааныг үзвэл урвах” хэмээн бүр тогтворгүй шинжтэй зүйрлэж байхад хартай холбогдуулсан жишээ манд олдохгүй байна. Эдгээрээс үзвэл хар өнгө нь бат бэх, чин үнэнч, найдвартай гэх мэт бэлгэдэл санааг илэрхийлж байгаа болохоор Тэмүжин, Бөртэ үжиний сайн сайхныг бэлгэдэн хуримын шитгүлд “хар булган дах” бэлэглэжээ. Үнэн учир яг байсан тул Тэмүжин Ван ханаас тусламж гуйхдаа чин үнэнч нөхөрлөлийн баталгаа болгож, “эцгийн анд эцэг мэт болой” (§96) гэж гэргий буулгахад ирсэн “хар булган дах”-ыг Ван ханд өргөсөн билээ. Үүнд Ван хан маш их баясаж өгүүлрүүн:
Хар булган дахны хариу Хагацсан улсыг чинь хамтатгаж өгсү. Булган дахны хариу Бутарсан улсыг чинь бүрдүүлж өгсү. Бөөрэйн бөгсөнд Цээрэйн цээжинд атугай (§96)
гэж үнэнчээр Тэмүжинд туслахаа тангараг өргөн баталжээ. Үнэнийг хэлэхэд Хэрэйд аймгийг захирсан өтгөс их Ван хан нэгэн булган дахаар дутахгүй нь мэдээжийн хэрэг. Бөртэ үжиний шитгүлд ирсэн чин үнэнч журмын сэтгэлийг илэрхийлж бүхий бодисын гэрч болохоор Ван хан ч маш баясаж Тэмүжинд “эцэг мэт” хэмээн үнэнч журмаар нөхөрлөхөөр хүсэж байгаа тул сая бэлгийг хүлээж тусалж дэмжихээр тангараг тавьсан байх ёстой.
Их Монгол улсын нийслэлийг “Хархорум” (§273) хэмээн нэрлэсэн нь ч түүнийг бат бэх, төв сүрлэгийг бэлгэдэн үзүүлж байгаа юм. Хархорумын тухай Д.Оссон тайлбарлахдаа “Хархорум гэдэг нь Орхон голын эх авсан уул нуруудын ерөнхий нэр тул уул нэрээр хотоо нэрлэжээ” гэв. Монголчууд алсаас сүндэрлэн харагдах уул нурууг харахад жидун, далан хар, хар овоот гэх мэтээр нэрлэдгийг эдгээр уул нурууд үзэхүй сэрэлд харлаж үзэгдэж сүрлэг ихэмсэг харагдахаас шалтгаалсан төдийгүй мөн түүний мөнх орших бат бэх мөн чанарыг шүтэн биширснээс болсон юм. Өөрөөр хэлбэл, уул нурууд бол хэзээд мөнх оршдог бат бэх мөн чанартай учраас үүний тогтнохыг нь бэлгэдэж байгаа нь маш тодорхой билээ.
Дашрамд хэлэхэд эртний монголчууд хар өнгийн хувцас өмсөж бэлэвсрэлийн талийгчийг чин үнэнчээр гашуудан дурсаж байгаа үнэн сэтгэлийг илэрхийлж байсан болно.
Хар өнгө хийгээд хүний нэр
Хүний нэрийн бэлгэдэлд хар өнгө нь эрүүл мэнд, амь бөх, хүдэр чийрэг, бат бэх гэх мэтийн утга зөгнөлийг тусгаж байгаа мэт. “Монголын нууц товчоон” зэрэг сурвалжаас үзэхэд монголчууд эрэгтэй хүүхдэд нэр өгөхдөө эрүүл мэнд, эрэлхэг баатар, хүдэр чийргийг бэлгэдэн зөгнөсөн утга хандлага зонхилох байр эзэлдэг байна. “Монголын нууц товчоон”-д хар өнгөтэй холбогдуулсан хүний нэр арваад буй. Тухайлбал, Харчу (§2), Хар хадаан (§40), Харахай тохуруун (§120, 124), Харагудар (§278), Харачар (§120, 202, 243), Харалдай (§45, 46), Харалдай тохуруун (§120, 124) гэх мэт. Харалдайтай ижил утгатай нэр бол Боролдой юм. Боролдой нэртэй хүн “Монголын нууц товчоон”-д бас хоёр буй.
Хар өнгө хийгээд “Харачу” иргэн
Нийгмийн түүхийн хөгжлийг дагаад монголчуудын өнгөний тухай соёлын ойлголт ч тасралтгүй хувирч дотоод агуулга нь улмаар баялагжин хөгжив. Тухайлбал, хар өнгө ерөнхийдөө бат бэх, аварга сүрлэг, сүр сүлд, үнэнч бат зэрэг бэлгэдлийн агуулгыг илтгэж байсан бол яваандаа нийгмийн хүрээнд гүнзгийрч, хүмүүсийн байр суурь, зэрэг дэв илтгэх нийгэм зүйн агуулгатай болжээ. Монголчуудын бэлгэдэл зүй судалсан С.Дулам “цагаан хар хоёр бол өдөр, шөнө гэгээн харанхуй, гэрэл сүүдэр зэрэг байгалийн үзэгдэл өнгө зохисоос үүдэн гаргасан нь яваандаа сайн муу үйл, эерэг сөрөг талыг төлөөлөх гүн ухаан-ёс зүйн бэлгэдэл болон хувирчээ” [6] гэж хэлсэн нь хар өнгөний нийгэм зүйн утгыг ухаарахад түлхүүр болж байна.
“Монголын нууц товчоон”-д нэг хүн, нийгмийн бүлгийг заасан “хан” хийгээд “харцас” гэх үгнүүд буй. “Хан” бол боолт нийгмийн буюу феодалын нийгмийн ноёрхогч ангийн дээд давхарга мөн. “Харцас” бол ханы харьяат доод анги давхарга, эгэл жирийн иргэн болно. Харцас бол харцын олон тоо, харцсын язгуур нь хар, харц гэх нэр үг болохдоо нийгмийн доод давхаргыг заасан тусгай нэр болжээ.
“Монголын нууц товчоон”-ы §21 дүгээрт Алан-гоо эх бэлэвснээр төрсөн Бодончар гурван хөвгүүний тухай тайлбарлахдаа “Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгоор гэгээгээр орж хэвлийг минь илж гэгээ нь хэвлийд минь шингэж билээ. Гарахдаа наран, сарны хилээр шар нохой мэт шарвалзаж гарах бүлгээ. Та нар яахан өгүүлнэ. Үүгээр ухваас тэмдэг нь тэнгэрийн хөвгүүд буюу. Хар тэргүүт хүмүүнд ханьсган яахан өгүүлнэ. Хамгийн хаад болбоос харцас тэнд ухна” [7] гэжээ.
Энд “цэгээн шар хүн”, “шар нохой”, “нар, сар”-ны гэрэл гэгээгээр тэнгэрийн хөвүүн буюу хаад язгууртныг бэлгэдэж байхад “хар тэргүүт хүн” буюу “харцас” нь нийгмийн доод давхаргын боол харьяат болж, хар өнгөний байр суурь нэгэнт дорогшилж эгэл ард боол зарцыг бэлгэдэх болсон байна. Ингээд зарим нөхцөлд “хар өнгө, “хар тэргүүт”, “хар хэрээ” зэргээр “харцас” боол буюу эсрэг этгээдийг бэлгэдэн зүйрлэх болжээ. Нэгдэх жишээнд бид “Монголын нууц товчоон”-ы §111 дүгээрт тэмдэглэн буй
Хар хэрээ Хальс хөрс идэх заяат бөгөөтөл Галуу, тогорууг идсүү хэмээн жишин ажгуу. Хатир муу Чилгэр би Хатан Үжинд халдах болон Хамаг Мэргидэд унтуу болов. Харц муу Чилгэр Хар тэргүүндээн хүртэх болов
гэх. Хоёр дахь жишээнд Жамуха сэцэн баригдаж ирээд Чингис хаанд хэлсэн үгийг авч үзэж болно. Үүнд:
Хар хэрээ Харамбай нугас барих болов. Харц боол Хан эзэндээ Гар хүргэх болов гэх.
Энэхүү хоёр жишээнд бүр л хар хэрээгээр “харц боол”-ыг зүйрлэж, хар өнгөний бэлгэдэл утга нь муушаасан, зэвүүцсэн, муушаасан өнгө аястай болж байна. Яриангүй нөгөө талаар, харц боол хан эзэндээ халдаж болохгүй гэсэн санааг чухалчилж байгаа нь тодорхой.
Монголын эртний овог, аймгийг Хэрэйд гэдэг байсан. Хэрэйдийг зарим эрдэмтэд “хэрээ”-ний олон тоо “хар шувуу”-гаар нэрлэсэн аймгийн нэр гэж үзэж байхад зарим нь “хар зүстэй” гэсэн үгнээс улиран гарсан хоч нэр хэмээн үзэж буй. Юу ч гэсэн энэхүү нэр “хар хэрээ”-ээс бэлгэшээдэг ойлголттой холбогдож байсан нь гарцаагүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, “Монголын нууц товчоон”-д тусгагдсан хар өнгөний бэлгэдлийн утга туйлын баялаг, ер нь монголчуудын бэлгэдлийн соёлыг ойлгохдоо олон талаас нь ажиглаж, бодитой хэрэг учиртай нь холбогдуулан харьцангуйгаар хандан судлах явдал зайлшгүй шаардлагатай байна.
[1] Баяр. Монголын нууц товчоон. Хөх хот, 1981: 153–155.
[2] Мансан. Шинээр орчуулж тайлбарласан Монголын нууц товчоон. Хөх хот, 1985: 195.
[3] Баяр. Монголын нууц товчоон. Хөх хот, 1981: 80.
[4] Мансан. Шинээр орчуулж тайлбарласан Монголын нууц товчоон. Хөх хот, 1985: 170.
[5] Мөн тэнд, 1985: 112.
[6] С.Дулам. Монголын аман зохиол, утга зохиол дахь бэлгэдэл зүйн тогтолцоо. Хэл бичгийн ухааны докторын зэрэг горилсон зохиолын хураангуй. Улан-Удэ, 1992.
[7] Баяр. Монголын нууц товчоон. Хөх хот, 1981: 28–30.
메타데이터
- post_id
- 7e5c4862db2a
- slug
- монголын-нууц-товчоон-дахь-хар-өнгө-ний-бэлгэдэл-7e5c4862db2a
- url
- https://medium.com/@iashmstudies/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%83%D1%83%D1%86-%D1%82%D0%BE%D0%B2%D1%87%D0%BE%D0%BE%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%85%D1%8C-%D1%85%D0%B0%D1%80-%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B1%D1%8D%D0%BB%D0%B3%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BB-7e5c4862db2a
- canonical_url
- https://medium.com/@iashmstudies/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%83%D1%83%D1%86-%D1%82%D0%BE%D0%B2%D1%87%D0%BE%D0%BE%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%85%D1%8C-%D1%85%D0%B0%D1%80-%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B1%D1%8D%D0%BB%D0%B3%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BB-7e5c4862db2a
- author_url
- https://medium.com/@iashmstudies
- status
- ok
- fetched_at
- 2026-08-05 09:05:55