← Back to list

Сэгс цагаан богд ба хорь буриадын нутаг

Бага байхад “Хорь буриадын нутаг” дуу радиогоор их явна, Завханы Батсүх ид мандаж явсан оргил үе учир Батсүхийн дуунууд л ихээр эгшиглэж…

Ariun Kang · 2024-11-30 16:46 · 2 claps · 2.5 min read
#дуу-хөгжим #яруу-найраг
Open on Medium ↗

Сэгс цагаан богд ба хорь буриадын нутаг

Бага байхад “Хорь буриадын нутаг” дуу радиогоор их явна, Завханы Батсүх ид мандаж явсан оргил үе учир Батсүхийн дуунууд л ихээр эгшиглэж, бүх л дууг нь сонсдог байж билээ. Чихэнд чимэгтэй агаад цаанаа нэг гуниг тээсэн уг дууг хүүхэд ахуй наснаас сонсож өссөн ч өдгөө сонсох нь ээ сэтгэлдээ нандигнан хайрлаж явсан насаар дүү бүсгүйгээ хүний хүн болгон алдсан сэтгэлээ илчилж амжаагүй эр хүний дуу болохыг ойлгон ойлгон сонсоход сэтгэлд харуусал, гаслангийн хамтаар хайрын сайхан мэдрэмж хослон мэдрэгдэх…

“Холын хол ууланд цасны түрүүч бударна

Хоног хоногийн уртад насны энгээр хайрлана

Зүүдэн зүүдэн дунд минь хүүхэд жаахан алдрай

Зүүсгэл уужаа өмсөөд хүнийх болсон чи минь” хэмээн эгшиглүүлэн хөгжилтэй дуулах ч утга хийгээд шүлэг нь ямар ч бүсгүй хүний сэтгэлийг хөндөж, эгшигийг хөглүүлмээр, басхүү эр хүний урам хугарал, сэтгэлийн шаналалыг хамтатган өгүүлэх гайхалтай бүтээл. Гэтэл эл дууны шүлгийн нэг ижил тал нь яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд”гэх найраглалтай цаанаа ижил агаад өгөх мэдрэмж нь ойролцоо байсан нь “Хорь буриадын нутаг” нь эр хүний санаашрал, харамсал байсан бол “Сэгс цагаан богд” эм хүний хүлээлт, санаашралыг шүлэглэснээрээ тун төстэй ажээ.

“Намар та манайд ирэхдээ намайг ганц түлсэн шүү дээ

Өөрөө тэгж өдөхийг өдөж, өндөг шиг дуугүй явчихаад

Шувуу бүхэнд үг зааж, шуудан бүхэнд захиа дайгаад

Нэгдлийн даргаас ч санаа зоволгүй нээрэн та намаржиж чадлаа” гэх нь хөдөө нутгийн бүсгүй хотын эрд сэтгэл нэгэнт алдарсан ч тойруугаар горьдлого тээх нэг л хөндүүр мэдрэмжийг эдгээр мөрүүд өгөх нь бас л хяслантай хэмээн бодох зуураа Хорь буриадын нутаг дууны түүхийг шимтэн хайж үзэв.

Яруу найрагч Г.Сонинбаяр 1999 онд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт цагаан сарын амралтаараа бага наснаас хайрлаж дурлаж явсан буриад охиныг сэтгэлдээ тээн баясал хайраар бялхан очтол ирэхээс нь хэдхэн хоногийн өмнө хүний хүн болж, бэр гуйсан байсан аж. Хөндүүр ихээр мэдэрсэн яруу найрагчид тухайн агшинд “Цалгиа халгиа Онон минь жилийн газраа урсана, царайлаг жаахан чамайгаа цагийн цагтаа дурсана” хэмээх мөрүүд орж ирж, Хорь буриадын нутаг дуу төрж л дээ…

Газар газрын холд ганц нэг хүн ч биш хүмүүс хоорондоо тийм ижил төстэйгээр дурлалцаж хайрлаж, санан гэгэлзэж, сайхан дурлалд шатаж явдаг нь хүн л болж төрсөнийхөө төлөө эдэлж болох жаргал бөгөөд зовлон юм шиг санагдав. Баруун зүгийн хязгаар Баянхонгор аймагт Сэгс цагаан богд уулын энгэрт дурласан хархүүгээ санан гансрах бүсгүйн мэдрэмжийг шүлэглэсэн “Сэгс цагаан богд”, Буриад зоны будан манан хөшилдсөн зүүн нутаг Хэнтий аймагт хайрлаж явсан эм хүнээ харь хүнд алдсан эр хүний сэтгэлийн зовлонг өгүүлсэн “Хорь буриадын нутаг” дуунууд өгөх мэдрэмжийн хувьд хоорондоо ив ижил байхаас ч аргагүй байж дээ… Яруу найраг гэдэг хүний сэтгэл, мэдрэмжийн илэрхийлэл агаад түүнийг жил, зуун өртөөлөн өөр нэгэн хүн мэдэрдэг, мэдрэх мэдрэхдээ түүнийг гүнд ортол яруусан хайрлаж нандигнан сонсож, уншина гэдэг нь бас нэгэн гайхамшиг мөнөөс мөн.

“Хорь буриадын нутаг дүүрэн цагаан манантай

Харь нутгийн бүсгүй дүүрэн дүүрэн нулимстай,

Алаг хөвчийн уул нь хараа төөрөм манантай

Алс нутгийн бүсгүй аньсгаа дүүрэн нулимстай,

Үүдэн буриадын нутаг дундраа нь үгүй манантай

Дуулан дуулан уярах холын дэр нулимстай…” хэмээн дуулах нь нутаг нь манан будан хөшилдсөн байдлыг бус найрагчийн өөрийн сэтгэл нь манан будан мэт сааралтан гансарч, орчин тойрон үл харагдах мэт учраа олохгүй тэмтчин, бүдчин, сэтгэл уймарч буйг уран сайхнаар дүрсэлсэн хэлбэр байх агаад зүйрлэл нь гайхалтай тансаг гэхээс өөр юу гэх билээ…

“Зүүдэн зүүдэн дунд минь хүүхэд жаахан алдрай

Зүүсгэл уужаа өмсөөд хүнийх болсон чи минь,

Асгатай цэнхэр уул нь араараа модтой биндэрьяа

Аюулхай цээжний гүнд минь арван тавтай алдрай,

Холын хол ууланд цасны түрүүч бударна

Хоног хоногийн уртад насны энгээр хайрлана

Цалгиа халгиа Онон минь жилийн газраа урсана

Царайлаг жаахан чамайгаа цагийн цагтаа дурсана” хэмээн хайрласан алдрай бүсгүйгээ насан туршид сэтгэлдээ тээхээр шийдсэн залуугийн хөндүүр сэтгэлийг үүнээс илүүгээр дүрсэлнэ гэж үнэндээ л баймгүй төгөлдөр утгыг илэрхийлжээ. Хайр дурлал, түүнийг дүрсэлж дурсан мөнхөлсөн уран бүтээл гэдэг зуун зуун дамжсан ч мэдрэмж хөглөж, итгэл бэлэглэж, сэтгэл хөгжөөх идтэйг бодон бодон “Хорь буриадын нутаг”-аа давтан давтан сонсох зуураа мэдрэмжээ ийн буулгалаа…

(Мэдээж энэхүү дуу Youtube платформд эх бичлэгээрээ бий… олон уран бүтээлч шинээр дуулсан ч Батсүх гавьяатын дуулсан хувилбар нь Сонинбаяр найрагчийн мэдрэмжийг өөрөө мэдэрсэн мэт дуулсан санагддагийг нуух юун)


메타데이터
post_id
bf81ea42b827
slug
сэгс-цагаан-богд-ба-хорь-буриадын-нутаг-bf81ea42b827
url
https://medium.com/@ariunkang16/%D1%81%D1%8D%D0%B3%D1%81-%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D0%B1%D0%BE%D0%B3%D0%B4-%D0%B1%D0%B0-%D1%85%D0%BE%D1%80%D1%8C-%D0%B1%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%B3-bf81ea42b827
canonical_url
https://medium.com/@ariunkang16/%D1%81%D1%8D%D0%B3%D1%81-%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D0%B1%D0%BE%D0%B3%D0%B4-%D0%B1%D0%B0-%D1%85%D0%BE%D1%80%D1%8C-%D0%B1%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%B3-bf81ea42b827
author_url
https://medium.com/@ariunkang16
status
ok
fetched_at
2026-07-21 10:43:05