← Back to list

“Намайг бүү явуулаач”

Казүо Ишигүро

Enhlv · 2026-04-25 06:15 · 0 claps · 2.2 min read
#номын-тэмдэглэл #ном #номын-сэтгэгдэл
Open on Medium ↗

Шинжлэх ухааны ахиц дэвшлийн ачаар хүн төрөлхтөн маш урт наслах боломжтой болов. Үүний тулд эрдэмтэд хүний эсийг хувилан клон бүтээжээ. Клон гэх ойлголт нь англи хэл дээр “clone” буюу генетикийн хувьд эх хувилбартайгаа яг ижил биемахбод гэсэн утгыг илэрхийлдэг шүү дээ. Тэдний тусламжтайгаар өвдөж, зовох үедээ клонийхоо эд эрхтэнг шилжүүлэн суулгаж, амьд явах өдрийн тоогоо уртасгана. Клонууд энэ л зорилгоор амьдарч, энэ л зорилгын төлөө үхнэ. Гэвч хүмүүс тэднийг “хүн” гэж огтоос үзэхгүй бөгөөд эд эрхтэнээ нэг нэгээр нь өгсөөр эцэстээ бие нь муудаж өөд болоход тэд үхсэн биш “дууссан” болоод мартагдана.

Кэт бол хүмүүсийн эрх ашгийн төлөө бий болсон хэдэн мянган клонуудын нэг. Тэрээр одоо 31 настай бөгөөд туулж өнгөрөөсөн амьдралаа бага наснаасаа эхлэн хүүрнэн байна. Түүний бага нас Хэйлшим гэх клонуудыг асрах, хүмүүжүүлэх тусгай сургуульд өнгөржээ. Тэнд бүтээлч сэтгэхүйг бүхнээс илүү чухалчилна. Клонууд зураг зурж, шүлэг зохиож, ямарваа нэгэн шинэ шинэлэг зүйл бүтээх ба хамгийн сайн болсон бүтээлүүд ямар зорилгоор оршдог нь үл мэдэгдэх галерейд очно. Энэ бүхний учрыг тэр төө сүүлд мэдсэн бөгөөд клоны сургуулийн эзэн тэднийг зүрх сэтгэлтэй хүн юм шүү гэдгийг хийж бүтээсэн бүтээлүүдээр нь нотлохыг оролдсон ажээ. Үүний цаана юуг хэлээд байна вэ гэвэл аливааг бий болгож нээж бүтээх нь биднийг “хүн” болгодог. Дуу хөгжим, яруу найраг, уран зураг… Бид үүнийг мэдэрдэг хөндүүрлэдэг зүрх сэтгэлийнхээ гүнээс төрүүлдэг. Дистопи төрлийн зохиол учраас шинжлэх ухааны энэ их хөгжил дэвшлийн шуурганд хүн төрөлхтөн өөрсдийн үндсэн чанар болох сэтгэх, тэр дундаа бүтээлчээр сэтгэх чадвараа үгүй хийх вий гэх зовнилийг хөнджээ.

Клонууд үнэхээр хүн мөн үү? Эсвэл хүний хуулбар төдий боддоггүй, мэдэрдэггүй, хоосон бие махбод уу? Надад л лав бидэнтэй л адил хүн шүү дээ гэх өрөвдмөөр, хайрламаар сэтгэл төрсөн. Бидэнтэй л адил найзалж нөхөрлөж, хайрлаж дурлаж, багш нараасаа илүү анхаарал халамж хүсэж, хардаж, уурлаж, гомдож, уйлж, сэтгэлээр унаж байсан. Ийм ертөнцөд хүртэл нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаж халамжилж байсан.

Сургуулийн эзэн тэднийг гүнзгий мэдэрч, мэдэрсэн зүйлээрээ дамжуулан урлаг бүтээж байгаа учраас хүн гэдгийг нь нотлохыг оролдсон. Тэгвэл би тэднийг хайрлаж байгаа учраас л хүн юм гэж хэлмээр байна. Биднийг юу үнэхээр хүн болгодог вэ? Би лав хайрлах гэж хариулна аа. Том, Кет нэгнээ хайрлахад клон гэдэг нь саад болоогүй шүү дээ. Тэд хувь тавилангаа сөрж өөрчилж чадахгүй ч гэлээ нэгнээ хайрласнаараа амьдралдаа чөлөөт сонголт хийж, хэн нэгэн болсон юм. Хайрлах биднийг хэн нэгэн болгодог. Хайрлах биднийг хүн болгодог.

Эцэстээ тэд жинхэнэ хүн мөн эсэх нь тийм ч чухал биш. Зүгээр л энэ амьдралын хэцүүг сөрөлгүй шуудхан хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ эвлэрэн зохилдож, өөрт оногдсон багахан эрх чөлөөгөө бүрэн эдэлж, нэгнээ хайрлаж, нэгэнтэйгээ нөхөрлөж байгаа нь л чухал юм.

“Би хурдацтай ирж байгаа шинэ дэлхийг харсан юм. Өндөр үр ашигтай, текнологи хөгжсөн, анагаахын шинэ шинэ аргуудтай мундаг дэлхий. Гэхдээ хатуу, харгис. Хүнийг өрөвддөггүй. Би нүдээ тас аньсан охин зүрхнийхээ гүнд, цээжиндээ хуучин, хүнлэг сайхан нөгөө дэлхийгээ наан, явуулж чадахгүй, зүрх сэтгэлд нь үлдэхийг, өөрийг нь барьж байхыг хүсэн “намайг бүү явуулаач” гээд гуйж буйгаар бодсон.”

Хөөрхий дөө, азгүй амьтад минь…


메타데이터
post_id
c86cc686bdc8
slug
намайг-бүү-явуулаач-казүо-ишигүро-c86cc686bdc8
url
https://medium.com/@enhlvvnchik/%D0%BD%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B9%D0%B3-%D0%B1%D2%AF%D2%AF-%D1%8F%D0%B2%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D1%87-%D0%BA%D0%B0%D0%B7%D2%AF%D0%BE-%D0%B8%D1%88%D0%B8%D0%B3%D2%AF%D1%80%D0%BE-c86cc686bdc8
canonical_url
https://medium.com/@enhlvvnchik/%D0%BD%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B9%D0%B3-%D0%B1%D2%AF%D2%AF-%D1%8F%D0%B2%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D1%87-%D0%BA%D0%B0%D0%B7%D2%AF%D0%BE-%D0%B8%D1%88%D0%B8%D0%B3%D2%AF%D1%80%D0%BE-c86cc686bdc8
author_url
https://medium.com/@enhlvvnchik
status
ok
fetched_at
2026-07-15 06:49:47