← Back to list

Цаг ба кофе

Урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжүүд цээжний гүнд орших айдас болон түгшлүүд намайг юуны ч бүү мэд гүн рүү татан доошилно.

Доржнямбуу Энхтунгалаг · 2023-09-12 16:58 · 2 claps · 2.8 min read
#coffee #цаг-хугацаа #кофе #мэдрэмж #хайр
Open on Medium ↗
Wiki topics: 🍳 · Food & Cooking

Цаг ба кофе

Урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжүүд цээжний гүнд орших айдас болон түгшлүүд намайг юуны ч бүү мэд гүн рүү татан доошилно.

Хоёр гартаа хэд хэдэн мэдрэгч утаснууд залган багахан хэмжээний тогийн хүчдэл биеээр гүйж байгааг мэдрэн гайхан суухад компьютер дээр гарах заалтуудыг хараад нас тогтсон тэр эгч чи юунд ингэж их айна вэ хэмээнэ асууна. Айснаасаа болоод төсөөлөх төсөөлөл, төсөөллөөсөө болоод төрөх айдас хүйдэс. Хасах хасахын нэмэх шиг. Тэр хүнд мэдэхгүй ээ гэж худал хариулсан ч миний бие үнэн хариултыг нь маш сайн мэдэж байлаа. Даван туулж чадна гэж бодсон ч тийм биш байгаа маань улам л байдлыг хурцдуулах шиг.

Цаг хугацаа тухайн мөчид мэдэрч байгаа мэдрэмжээс хамаараад өөрөөр өнгөрдгийг мэдэх үү ? Домапин, серотониноор бие минь дүүрч аз жаргалдаа умбах үед цаг хугацаа хоромхон зуурт л өнгөрч нисэн оддог. Хүмүүс ч яагаад зугаатай цаг мөч маань ийм хурдан өнгөрдөг юм болоо хэмээн гайхдаг. Харин хэцүү үе, ганцаардсан өдөр, өвдсөн үед эсвэл ядарсан цөхөрсөн үед хараал идсэн цаг яг л байсан байрандаа байж л байдаг.

Удаан удаан гэгч нь цагийн зүү цохилдог. тик так тик так тик так. Энэ нь яг л таныг дотроос чинь алах мэт мэдрэмжийг өгнө. Гэхдээ цаг хугацаа хурдан ба удаан өнгөрдөг нь гэдэг худал хуурмаг зүйл. Шинжлэх ухаан болон бодит байдал дээр байж боломжгүй зүйл. Гагцхүү ийнхүү бодоход хүргэсэн зүйл нь танд төрж буй мэдрэмж юм. Аз жаргалтай үед бид өнгөрч буй цагийг анзаарах сөхөөгүй байдаг болохоор л тэр. Дахин нэг шөнө тиймээ миний өмнө дахин нэг урт шөнө ирээд байна. Өнөө шөнө би хэдэн кофе уух бол. Гашуун бөгөөд өтгөн энэ зүйл хоолойг минь зуран ходоодруу минь хэдэн удаа урсан орох бол. Бачуурсан сэтгэл ядарсан зовхи хоёрыг минь анагаахаар энэ зүйл хэдэн удаа миний төлөө бутран шингэн төлөвт орох бол. Ёстой бүү мэд өөрөө хүсээгүй ч цорын ганц хань минь кофе болсон бололтой. Түүнийг үзэн ядсан ч түүнээс өөр хань байсангүй дахиад л би кофегоо найруулна. Кофе чанагч машинаас урсан хэдэн мянган цельсийн халуунд шатаан хэлбэрт оруулсан элсний цуглуулга руу кофе маань орно энэ нь яг л асар олон мянган жилийг зарцуулах шиг л. Өнгөрсөн хэдэн сар миний амьдралдаа туулсан хамгийн удаан өдөр хоног сар байлаа. Учир нь биеийн тэн хагас маань хэдэн мянган бээрийн цаана байгаа учир. Түүнийг санах нь яг л жаргаж буй нарыг ширтэх мэт удаан бас үзэсгэлэнтэй хэдий ч гунигтай. Сүүлийн хэдэн шөнө мэдэрсэн зүйл бол амьдрал минь яг л Сүүлийн гал тэрэг ирэхийг хүлээн суух хэдий ч үл ирэхтэй адил мэдрэмжүүд байлаа. Инээмсэглэх хэдий ч гунигтай. Унтах хэдий ч нойргүй. Ярих хэдий ч үг дуугүй. Ганцаардах хэдий ч ганцаараа биш. Яг л бүх зүйл эсрэгээрээ. Бенжамин баттан шиг. Бүх зүйл эсрэгээрээ. Байз гэхдээ Бенжамины хувьд хайр л гагцхүү үнэн байгаагүй бус уу ? Тэр хараалтай, тэр өвчтэй гэхдээ түүнд цорын ганц гэгдэхээр хайр байсан. Яагаад юмс ийм учир битүүлэг юм бэ? Яагаад кофе маань ийм гашуун байгаа юм бол. Яагаад шөнө маань ийм урт байгаа юм бол. Яагаад хүмүүс ийм худал хуурмаг байгаа юм бол. Хариултыг нь Дазай Осаму л мэдэх байх. Тэрээр 人間失格-г бичээд амиа хорлохдоо магадгүй бүх зүйлийн хариултыг олчихсон болохоор үхэл л түүнд хамгийн шударга бөгөөд үнэн санагдсан байх. Яагаад хүмүүс орхиж явдаг юм бол. Магадгүй зарим нь зүгээр л хуурмаг, харин заримд нь тэнгэрт очоод хийх ёстой зүйл байдаг байх. Тиймээс л тэд орхин алга болдог. Заримдаа өөрийн хүслээр заримдаа өөрөө эс хүссэн ч. Хүмүүс цаг хугацаагаа зүгээр л аясаар нь орхиж урсгаж өөрөө түүний урсгалд нь даган урсдаг. Би харин тийм байхыг эс хүсэвч хувь тавилан түүнийг маань боогдуулна. Гэхдээ Будда усны урсгалын эсрэг аягыг урсгадаг бус уу ? 8 настайдаа үзсэн Будда болон түүний амьдралыг харуулсан киног үзээд ид шидийн тухай кино юм байна гэж бодсон ч хожмоо анзаарахад нь энэ нь шашны ч тухай биш ид шидийн ч тухай бус гагцхүү Буддагийн сургах бие болоод сэтгэлийн гэгээрлийг олж цаг хугацааны урсгалын дагуу урсан амьдралаа дуусгах бус түүний эсрэг зогсож өөрийн амьдралаар амьдарч тэмцэх тухай байсан бололтой. Хэдхэн үг бичих төдий л кофе маань дуусчих шиг боллоо. Бас хэдэн хором ч гэсэн өнгөрсөн байх. Дахиад хэдэн кофе хэдэн хором намайг хүлээж байгааг би эс мэднэ. Аяганд минь байгаа кофе, түүний намайг гэсэн сэтгэл битгий дуусаасай хэмээн оддыг ширтэн залбирна.

Photo by karl chor on Unsplash

Photo by karl chor on Unsplash


메타데이터
post_id
d8871bbc2a92
slug
цаг-ба-кофе-d8871bbc2a92
url
https://medium.com/@drjnmb/%D1%86%D0%B0%D0%B3-%D0%B1%D0%B0-%D0%BA%D0%BE%D1%84%D0%B5-d8871bbc2a92
canonical_url
https://medium.com/@drjnmb/%D1%86%D0%B0%D0%B3-%D0%B1%D0%B0-%D0%BA%D0%BE%D1%84%D0%B5-d8871bbc2a92
author_url
https://medium.com/@drjnmb
status
ok
fetched_at
2026-07-25 06:11:18