← Back to list

Цонхгүй өрөө

Аниргүйд орших тэр л газар

Доржнямбуу Энхтунгалаг · 2023-07-07 18:17 · 0 claps · 4.6 min read
#room #night #sleep #thoughts-and-feelings #mind-body-connection
Open on Medium ↗
Wiki topics: 💪 · Fitness & Wellness

Цонхгүй өрөө

Учир нь үл олдох хар дарсан зүүднээс сэрэх гэж олон цаг оролдсны эцэст арай гэж гүн харанхуйд дарагдсан нойрноосоо салж сэрэх шиг болов гэсэн хэдий ч дахиад л бүх юм хав харанхуй. Цөхөрч зовсон байдалтайгаар бүхий л эргэн тойрныг нүдээ гүйлгэн харсан боловч нүдний үзүүрт тусах нэг ч гэрлийн сарнил олж харсангүй. Ухаан санаа хагас самуу байдалтай, бүх л бие минь хөндүүр оргих нь тэр. Харанхуйгаас болоод нөхцөл байдал, цаг, орон зайг мэдрэх ямар ч боломжгүй байлаа. Үнэхээр зүүднээсээ сэрсэн үү ? Аль эсвэл дахин нэг зүүд үү ? Зүүднээс зүүдрүү шилжих мөнхийн нойронд умбах нэгэн үү ? Байж боломжгүй юм. Гагцхүү хоолой маань хорсож маш ихээр ам минь цангаж байгааг л мэдэж байлаа. Тиймээс хичээнгүйлэн тайвнаар юу болоод байгааг хаана байгаагаа ойлгохыг оролдлоо. Бага багаар нүд минь уг орчинд дасаж бага сага зүйлсийг бүдэгхэн хэдий ч харж эхлэв. Аниргүй юм дэндүү, амьсгалахад төдийд алдагдах аниргүй орчин дэндүү хайран юм. Тиймээс зугуухан өндийж суугаад одоо л нэг юм бүхийг зүйлийг сайтар гэгч нь ширтэж хэлбэр дүрсийн тодорхойллоо. Түшлэгтэй сандал, хичээлийн ширээ, тоосонд дарагдсан хэдэн ном бичиг, хуучирч муудсан ор, хүйтэн хөндий хананууд, баймз гэм юунд тэгэж их манарч айж тэвдсэн юм бэ? энэ чинь миний л өрөө байна шүү дээ хэмээн дотроо уулга алдана. Толгой дээрх гэрлийн дэнгийн утсыг доош татаж өрөөгөө гэрэлтүүлэв. Цонхгүй тул өрөө минь өдөрч бай, шөнө ч бай түнэр харанхуйд автана. Утас шагайн цаг шалгавал оройны 6 цаг хагас болж байх нь тэр. Ажилдаа явах цаг минь болсон тул бие минь автоматаар сэрэхийг шаардсан бололтой гэвч тархи минь хүлээн авах тэнхээгүй байгаа нь ойлгомжтой. Юуны түрүүнд аяга ус олж уугаад, тамхиа зууна. Утаа нь аль хэдийн өрөөг бүрхэж үүл манан мэт татав. Үүнээс хойш хэдхэн минут өнгөрсний дараагаар би өрөөг эзэнгүй орхив.

Байр маань хотын төвд хөл хөдөлгөөн ихтэй газар байдаг тул мөнхийн дуу чимээтэй хэдий ч өрөө маань нам гүм байх нь тун сонирхолтой. Хааяадаа нэг хажуу талын өрөөгөөр дамжин тагт нь дээр гарч агаар амьсгалах дуртай. Бяцхан тайвшрал олгодог гэхүүдээ. Харамсалтай нь 6 давхарын тагт нь дээр зогсох миний нүдний урдуур давхин өнгөрөх метро тайвшрахыг минь сарниулан намайг бодолд автуулах явдал юм. Магадгүй бодол, мэдрэмжид нь автахыг үл хүсдэг тул өрөөндөө бугдаг байх.

Гадагш гараад хэдхэн хором өнгөрсөн ч мухар өрөөгөө дахин дахин бодох нь мартаж чададгүй нэгнээ хүсэхгүй байвч дурсахтай адил мэт санагдана.

Иймд чихэвчээ зүүгээд метронд сууж 40 минутыг өөр ертөнцөд очиж өнгөрүүлнэ. Аажим аажмаар нэг л хэмнэлийн дагуу хурдаа нэмэгдүүлж заасан чиглэлийн дагуу давхих энэ галт тэрэг намайг дэлхийн гүнрүү хүргэж өгөх мэт санагдана. Оройн 7 цаг, энэ үеэр суудаг галт тэрэг маань сэлүүхэн байдаг бөгөөд цөөн хэдэн хамт зорчих зорчигч, дуу, галт тэрэгний хэмнэл бүгд үргэлж жин тан таарна. Суудлаас минь зулгаах тэр л хүнд мэдрэмжүүд маань буцаж жижиг өрөөрүүгээ явах ёстой юм шиг л бодлуудыг төрүүлнэ.

Удалгүй хүрэх ёстой газраа ч ирж миний буух ээлж ч ирэх нь тэр. Метроны буудлаас гараад хэсэг алхсаны эцэст нүүгэлдсэн хар том барилгын урд ирэх бөгөөд тийшээгээ орохын тулд хэд хэдэн хүчтэй амьсгал аваад хуурамч инээмсэглэл, хүчтэй байдал, хүнлэг нэгэн гэх мэт багийг зүүнэ. Энд л би бүхэл шөнийг өнгөрүүлэх ёстой.

Ажил эхлэх нь тэр. Дуусашгүй мэт үргэлжлэх нэг л үйлдлийг давтах бөгөөд нааш цааш алхах маань улам л намайг ядрааж өрөө минь л бодогдсоор. Үйлдвэрийн доторх тоо томшгүй олон тавиур дээрээс зөвхөн надад оногдсон нэг л зүйлийг авж түүнийгээ хайрцаг луу хийнэ. Яг л хувь тавилан бидний хүртэх ёстой очих ёстой газрыг урьдаас бэлдсэн байдаг шиг. Ажилла тэгээд мөнгө ол харин түүнийгээ тархиндаа зарцуул гэх логик. Үнэндээ бүхэл шөнийг турш унтахгүй байх нь тархиа улам л алж байгаатай агаар нэг. За нэг иймэрхүү.

Цэг, өглөө, 6:30

Би эргэн ирэв. Шөнийн нойроо хулжаасан тул тэгэхдээ нийгэмд, бусад хүмүүс зориулж бүтээсэн хуурамч инээд, хуурамч дүр төрхөмдөө хамаг энергээ зарцуулсан тул хэсэг зуур амрах гэж. Өрөө маань бүгчим хэдий ч сэтгэл дотор маань цэв хүйтэн байх нь хачирхалтай. Хэвтчихвэл унтчих нь гэсэн айдас маань сандал дээр суулгах шиг. Ширээн Дээр хуучин хэдэн ном дэвтэр, хадаг нд ороосон зураг, ганц нэг бичиг хэргийн зүйлс. Хажуу тийш нь жоохон гэгч нь бүгдийн түлхэж дэрлэж түрхэн зуур тархиа амраахыг оролдоно. Үнэндээ бүхэл өдрийн турш үргэлжлэх бодит байдлаас зугтах эрч хүчээ нөөхийн тулд. Гэсэн хэдий ч үл унтаж чадна. Тиймдээ ч дэвтрээ гаргаж ирээд бага сага хичээл хийхийг оролдоно. Үнэндээ энэ их зүйлсийг туулж буй маань зөвхөн сурахын тулд шүү дээ. Төд удалгүй сэрүүлгэ маань дуугарч надад маш бага цаг үлдсэнийг ойлгуулна. Яг л диваажин луу орох үүдэнд оочирлож байтал нэрийг минь дуудахтай адил онгойлгохыг хүсээгүй хаалгаа татах хэрэг гарна. Өглөөний уур амьсгал шинэхэн бөгөөд гэгээлэг бүр хэл хэдхэн минут алжаасан нүдийг минь сохлох гэж байгаа мэт хурц тод. Тавхан алхам тэгээд л ердөө толины өмнө. Хэн билээ гээд асуучихмаар үл танигдах нэгэн. Нийгмийн нэгэн жишгээр нүүр гар, шүд зэргээ угааж үсээ янзлана. Энэ бүх бяцхан үйлдэл нь маш бага үлдсэн тамир тэнхээнээс минь хумслах нь дургүйг минь хүргэх ч, хэнд ч өөрийгөө нойргүй ядруухан байгаагаа харагдуулахыг хүсэхгүй байгаа тул өглөө бүр дахин дахин үйлдэнэ. Дахин хаалга хаав.

Өчигдөр оройхон явсан зам, барилга гудамж маань харин энэ удаа тэс өөр мэдрэмжийг ялгаруулна. Тэр чигтээ цоо шинэ мэт. Энэ бүх хувьслыг гайхаж байх зуур метроны буудал дээр ирнэ. Үсрэлт. Микрофоноо амандаа чихчихсэн мэт бувтнах нэгний яриаг ялимгүй анхаарвал сургуулийн маань буудал дээр ирсэн бололтой. Сургууль дээрх бүх хүүхэд өөр өөрсдийн шөнө, өөр өөрсдийн түүх, өөр өөрсдийн өчигдрийг агуулсаар цугларсан байх нь тэр. Толгой дээрээ бөмбөлөгтэй тэр нь янз бүрийн өнгөтэй, өнгө бүрийн тус бүрийн утгатай. Магадгүй минийх хар бараан эсвэл саарал л байх. Тийм л байж таараа түүнээс өөр өнгө байх үндэслэл байхгүй. Хонх. Дунд эргэм насны намхан нуруутай нүдний шилтэй нэгэн өөрийн мэдэх зүйлээ тайлбарлан ярьж байхыг бодвол багш л болж таарлаа. Түүнийг өглөө бүр яг энэ суудлаас хардаг боловч заримдаа хэн гэдгийн мартчихдаг учир нь түүний юу ярьж юу зааж байгаа нь чухал болохоос ямаршуу хүн болох хэн болох нь чухал биш ялангуяа түүний толгой дээрх бөмбөлгийн өнгө. Бага багаар урсах цагийг дагаад бие болон тархи маань намайг унтахыг шаардах хэдий ч. Яг одоо энд л унтчихвал өчигдөр шөнийн минь хулжаасан нойр үнэ цэнэгүй болчих учраас өөрийгөө сэрүүн байлгахыг хичээнэ. Өрөөг дүүргэх бусад сурагчдын хий дэмий яриа, хийх үйлдэл, хэн болох нь бас л надад огт хамаагүй. Үл ойшооно. Би энд нэг л юмыг хийх гэж суугаа тэр маань сурах. Хонх. 4 цаг хэртэйг сургууль дээр өнгөрүүлсний дараа, ирсэн зам маань намайг буцахыг хүлээж байгаа. Догдлол. Ашгүй нэг буцаад түүнтэйгээ дахин уулзах нь. Намайг өөрөөрөө байлгахад тусалдаг. Намайг тайвшруулдаг. Намайг дулаацуулдаг нэгэн. Гаргаж болох бүхий л хурдаараа түүнрүү тэмүүлсээр буцаж ирэх нь тэр. Сайнуу хүнд өдөр байв уу ? Хэмээн өрөө маань надаас асууна. Тиймээ хэмээн хэлээд замдаа авсан будааны ороомгоо идчихээд түүнтэйгээ хамт өнгөрүүлэх чанартай хэдэн цаг хугацаандаа шунана. Одоо л нэг нойрсож болох нь. Нүдээ аних.

Дахин харанхуйд умбана.

Учир нь үл олдох хар дарсан зүүднээс сэрэх гэж олон цаг оролдсны эцэст арай гэж гүн харанхуйд дарагдсан нойрноосоо салж сэрэх шиг болов гэсэн хэдий ч дахиад л бүх юм хав харанхуй. Үргэлжлэл.

Баярлалаа бас баяртай цонхгүй өрөө минь.


메타데이터
post_id
4b6b1ef3ac7
slug
цонхгүй-өрөө-4b6b1ef3ac7
url
https://medium.com/@drjnmb/%D1%86%D0%BE%D0%BD%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D3%A9%D1%80%D3%A9%D3%A9-4b6b1ef3ac7
canonical_url
https://medium.com/@drjnmb/%D1%86%D0%BE%D0%BD%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D3%A9%D1%80%D3%A9%D3%A9-4b6b1ef3ac7
author_url
https://medium.com/@drjnmb
status
ok
fetched_at
2026-07-25 13:31:28